Санхүүжилтийг нь нэмээд “Үдийн цай” сайжрах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Санхүүжилтийг нь нэмээд “Үдийн цай” сайжрах уу?

Санхүүжилтийг нь нэмээд “Үдийн цай” сайжрах уу?

Засгийн газар Монгол Улсын 2020 оны төсвийн  төслийг боловсруулахдаа нэг хүүхдэд өдөрт 900 төгрөг ногдож байхаар тооцон, “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн.  УИХ-аас ирэх оны төсвийн хуулийг баталснаар ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагч өдөрт 900 төгрөгт багтсан үдийн цайтай болно.

Гэвч дээрх хөтөлбөрт эцэг, эхчүүд хяналт тавьж ажиллахгүй бол төсөв нь бага нэрийн дор хүүхдийн “Үдийн цай”-нд чанарын баталгаа хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлдэг муйхар арга зогсохгүй нь ээ.

Жишээ татвал, уржигдар /2019.10.9/ нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын “Үдийн цай” -нд хатсан талх нийлүүлэгдсэн талаарх мэдээлэл цацагдаж шуугиулсан. Энэхүү мэдээллийн мөрөөр  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Инж-Ану” компанийн үйл ажиллагааг зогсоолоо. Хаяг шошгогүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй боорцог нийлүүлсэн, барилгын зориулалтаар ашигладаг хуванцар саванд хадгалсан тараг хүүхдэд өгч байсан гээд бичвэл урт жагсаалт болно.

Хичээлийн шинэ жил эхэлсэн үеэс Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан сургуулиудад шалгалт хийж, зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж байгаа ч “Үдийн цай” хөтөлбөр даган гарах зөрчил буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эхчүүд “Үдийн цай” хөтөлбөрт хяналт сайн тавьж ажиллахгүй бол төр нь санхүүжилтийг нэмэгдүүллээ ч “Үдийн цай” –ны чанар сайжрах төлөв харагдахгүй байгаа юм. Харин ч тендерт ялсан аж ахуйн нэгж, сургуулийн захирал, Засаг даргын халаасыг түнтийлгэдэг бизнес болж хувирах эрсдэл үүссэн. Учир нь сургууль бүрт “Үдийн цай” нийлүүлэх компанийг сонгон шалгаруулах эрхийг олгосон нь танил тал харж хийгддэг ажил болж хувирч мэдэхээр болгожээ.

Сургуулийн захирлыг Засаг дарга нь томилдог хуультай. Энэ нь тухайн сургуульд Засаг дарга боловсон хүчний шахаа хийхээс гадна “Үдийн цай” хөтөлбөрөөр дамжуулж бизнесийн  ашиг хонжоогоо зузаатгах суваг ч болж хувирсан гэж хэлж болно.

Хэдэн жилийн өмнө сургуулийн захиргаа нь “Үдийн цай” хөтөлбөр нийлүүлэгчийг сонгон шалгаруулдаг байхад сумын Засаг даргынх нь найман барааны дэлгүүрээс “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг жишээ гарч байсан билээ.

Бүтээгдэхүүнийх нь үнэ зах зээлийн үнээс өндөр, чанар муутай байлаа ч “Авахгүй” гэж хэлэх эрх сургуулийн захиралд байхгүй. Хэрэв ийм хэл ам хийвэл Засаг дарга сургуулийн захирлыг шууд чөлөөлнө. Харин “Үдийн цай” –нд нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь үг дуугүй аваад байвал нам нь сонгуульд ялагдахгүй л бол албан тушаалаа хэвээр хашна.

Энэ сарын эхээр нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагчид үдийн цайндаа хордсон байж болзошгүй асуудал ч хөндөгдөж байлаа. Гэхдээ энэ сургуулийн багш нар сурагчдад хаяг шошгогүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн нийлүүлэгддэг болохыг нийгмийн сүлжээгээр дамжуулан цацсанаар “Үдийн цай” хөтөлбөр даган гарч байгаа “но” илэрсэн юм. Сургууль бүр эмчтэй. Гэвч дээрх сургуулийн захирал нь эмчээ “Үдийн цай”-ны боовыг тараахгүй бол ажлаас хална гэх зэргээр дарамталсан байдаг. Харин тараасан гурилан боов нь шинжилгээний бичиггүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй. Хөтөлбөрт анхаарал тавьж, чанартай хоол хүнс нийлүүлэгдэж байна уу гэдэгт анхаарал хандуулах ёстой атал эсрэгээр ажилласан байдаг. Энэ бол зөвхөн ганц жишээ. Өөр хэчнээн сургуульд ямар алдаа завхрал гарч байгааг хэлэх боломжгүй. Шалгалт хийхэд л хэдэн арван зөрчил илэрдэг. Зөрчлөө арилгах хугацаа өгдөг, засдаг нэгэн байхад залруулдаггүй нь ч байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байна. Хэдийгээр уг хөтөлбөрөөс унах унц, ашиг бага гэдэг ч сургууль бүр хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг тодруулдаг арга барилыг өөрчлөхгүй бол сургуулийн захирал, Засаг дарга нарын үзэмжээр “Үдийн цай” хөтөлбөрийн нийлүүлэгчид тодордог жишиг тогтоож мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж