Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 11

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 11

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ЁС СУРТАХУУНЫ УНАЛТЫН НӨЛӨӨ)

Либертари аж төрөх ёс маш ёс суртахуунтай амьдрахыг шаарддаг. Либертари ёс суртахууныг ойлгоё гэвэл Айн Рэндийн Эх сурвалж-ийг унших хэрэгтэй. Тэгээд өөрсдийгөө Камерон, Роарк, Доминик нартай зэрэгцэн амьдарч байна гээд бодоод үз. Тэд хэзээ ч чамд муу зүйл хийхгүй, чамайг хэзээ ч монжихгүй, чамд монжуулахгүй ч үгүй. Чамд зааварлах ч үгүй, чамаар зааварлуулах ч үгүй. Бусдын амьдралыг залах ч үгүй, бусдаар өөрсдийн амьдралыг залуулах ч үгүй. Ерөөсөө, хэн нэгний амьдралд хөндлөнгөөс оролцоно гэж огт байхгүй. Аав, ээж, ах дүү, найз нөхөд, ер нь нэг нэгнээсээ, тэр ч бүү хэл, төрөөс гуйж амьдрахыг гутамшиг хэмээн үзнэ.

Ийм хүнтэй амьдрахад эхлээд гайхширна, дараа нь бахархана, тэгснээ бага зэрэг дургүйцнэ, зэвүүцнэ, сүүлд нь үзэн ядна, унаж тусаж, доройтохыг нь хармаар санагдана. Яагаад гэвэл, биднээс өөрөөр амьдарч байна, бидэн шиг үргэлж нэгнийхээ тус дэмээр явдаггүй, ямагт шударга царайлж, зарчимтай амьдарч биднийхээ нүүрийг улайлгаж байдаг. Өөрсдөөсөө өөр байсны төлөө унаж, доройтохыг нь хармаар байна шүү дээ, зөв биз?!

Одоо Монголд худлаа ярьж, хов жив хутгадаггүй, луйвар залилан хийдэггүй хүн гэж бараг байхгүй болж. Ёс суртахууны цасан нуранги явагдаж байна, аймшигтай. Эрх мэдэл албан тушаалын төлөө нэгийгээ алчихна, улсын мөнгийг хэдэн тэрбумаар нь цөлмөнө, гадаад улсын бизнэс, санхүүгийн байгууллагуудыг гозойж годройтож унатал нь молиго үмхүүлнэ. Бараг эх орноороо дэнчин тавьж байгаад шүү.

Сонгуулиар ард иргэдээ гуйвж гувшин, нус нулимсаа цувуулдаг улс төрчид эрх мэдэлтэй болмогц түүнийгээ ашиглан юу эсийг хийж байнав дээ. Хийдэг үндсэн ажил нь ард түмний мөнгө, бололцоог зувчуулах.

А-мораль орчинд ёс суртахуунт амьдралыг шаардах нь зүгээр л, хүмүүсийн дасаж сурсан амьдралын хэв маягийг үгүйсгэж байгаа мэт санагддаг. Ер нь, амьдралыг нь устгах гэж байгаа юм шиг санагддаг учраас бүхий л аргаар эсэргүүцэж, хавчин гадуурхана. Тиймээс одоо манай нийгэмд шударга амьдрах гэж оролдож буй нэгнээ шоолдог болж. “Шударга амьдрах гээд үзэг л дээ” хэмээн инээлдэнэ. Ийм орчинд хэн амжилттай явж, олигтой амьдрах вэ гэвэл энэ орчиндоо хамгийн сайн зохицогсод л элбэг хангалуун амьдарч чаддаг.

Эд ёс суртахуунтай, зарчимтай хүнийг амьдралаас тасархай, хийсвэр, “амьдралын сүйхээгүй, амьдарч чаддаггүй”, энэ тэр гэж гоочлохыг нь яана (Өөрийнх нь амьдрал гэж ёстой сэжгийн амьдрал байдгийг хэн ч мэдэхгүй юм шиг). Эднийхээр ёс суртахуунтай амьдрах гэж оролдож буй хүмүүс амьдралд ойртож байгаа нь энэ гээд өөрсдөд нь уруу татагдаж, адилхан худал ярьж, хулгай хийж, ар хударгаар үйлдэж, ярьснаасаа өөрөөр үйлдэх ёстой болж байна.

Ийм байж бүгд худал ёс зүйн номлол ярина. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” ч гэх шиг. Ингэж хэлж, ярьж байгаа хүмүүсийн хэн нь ч энэ лоозунгаа биелүүлдэггүй. “Нийт” болон “нэг” гэдгийнхээ дор зөвхөн өөрийгөө л ойлгоно. Эдгээр үгсийг хэлж байх үед бүгдийнх нь толгойд эргэлдэж буй ганц бодол бол бусдаас, нийгмээс авах, “бусдын хүчээр амьдрах”. Бүгд л өөрийн хүчээр амьдрахаас айна.

Тэгвэл либертари ёс суртахуун хүнийг заавал бусадтай санал нэг байхыг шаарддаггүй. Бүтээгч хүмүүс өөрөөрөө амьдардаг, хоёрдогч хүмүүс бусдаар амьдардаг хэмээнэ. Энэ бүхний цаана, сууринд индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) байдаг.

Индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) vs. Коллективизм (хамт олонч үзэл)

Эгоизм (өөрийгөө бодох үзэл) vs. Альтруизм (бусдын төлөө өөрийгөө золих үзэл)

Манай сэхээтнүүд дотор ч рациональ эгоизмын талаар ойлголттой хүн тун цөөн байдаг. Либертариудын яриад байдаг жинхэнэ эгоист хүн өөрийгөө бодохдоо хэзээ ч бусдыг ашиглаж, золиосонд гаргаж, хохироодгүй. Учир нь эгоизм ганц өөрт нь хамаатай биш, хүмүүний биеийг олж төрсөн бүх хүнд хамаатай ойлголт гэдгийг мэддэг. Уг нь тууштай, объектив сэтгэдэг хүмүүсийн хувьд эгоизмыг ойлгох тийм хэцүү биш шүү дээ. “ХҮМҮҮС НЭГ НЭГЭНДЭЭ ДАРАМТ УЧРУУЛАХГҮЙ, ГАЙ БОЛОХГҮЙ АМЬДРАХ ЁСТОЙ” (энд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, өөрийн буруугаас бололгүй хүний гар харж амьдардаг болсон хүмүүсийг мэдээж хэлээгүй) гэхээр хүмүүс бараг 100% хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ үг чинь ямар санаа илэрхийлж байгаа юм бэ? “ХҮН БҮР ӨӨРИЙГӨӨ АВААД ЯВЧИХ, АМЬДРАЛАА БОЛГОДОГ БАЙХ ЁСТОЙ” гэсэн санааг илэрхийлж байна. Харин одоо энэ үгийг сонсохоороо нөгөө 100%-ийн чинь 50% нь дуугаа хураачихдаг (“Бусдаас тусламж авч чадахаа больж, өөрийн хүчээр амьдрах ёстой болох нь” гэдгийг зөн билгээрээ гадарлаж байна). “Хүн бүр өөрийгөө болгоно” гэдэг бол ЭГОИЗМ шүү дээ.  Гэтэл “эгоизм” гэсэн үгийг сонсохоороо нөгөө 100% чинь эсрэг талд зогсох 100% болчихдог. Ийм л туушгүй сэтгэлгээтэй хүмүүс дээ, бид. Нэг утга-санааг өөр өөр үгээр хэлэхэд л эргэж буцаад л.

“Эгоизм” нь үндэстнүүдийн хувьд өөр өөр байх юм. Харамсалтай нь, монгол хүн амиа бодоход цаана нь заавал хэн нэг хүн, хэсэг бүлэг хүн, аль эсвэл бүхэл улс үндэстэн хохирч байдаг. Тэгвэл соёлжиж иргэншсэн улс-үндэстний иргэн өөрийгөө бодохдоо дэргэдээ буй өөр шигээ иргэнийг хэзээ ч хохироодгүй. Учир нь тэр хүн өөрийгөө Ego болохыг төдийгүй бусдыгаа ч тус бүрдээ Ego болохыг мэддэг.

Манай бодит байдал нэгэнт ийм байгаагаас хойш либертари үзэлд хэрхэн таатай хандах билээ. (Өмнө нь энэ сэдвээр тус сайт дээр Ёс суртахууны их уналт хэмээх цуврал хоёр нийтлэл бичиж байсан. Тэдгээрээс зарим санааг дэлгэрүүлэн харж болно.)

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж