"Нарантуул" худалдааны төвд зуух зардаг иргэд сайжруулсан шахмал түлшинд зориулсан зуух санал болгож байгаа талаараа өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. Энэ талаар Г.Ундармаа "Нарантуул худалдааны төвд 20 жил зуухны бизнес эрхэлсэн иргэдийн төлөөлөл дөрвөн жилд нэг удаа Хятад улсад болдог зуухны үзэсгэлэнд очихдоо түлшиндээ зориулсан зуух байх ёстойг ойлгосон. Бид агаарын бохирдлоос үүдэн энгийн зуух үйлдвэрлэж чадахаа байсан. Тиймээс сайжруулсан зуух хэрэгтэй болоод байгаа тухайгаа тэндхийн инженерт хэлсэн. Хятадын Засгийн газар ч мөн агаарын бохирдлоос үүдэн нүүрсийг хорьж, сайжруулсан шахмал түлшээр агаарын бохирдлоо 50 хувь бууруулсан юм билээ. Тиймээс бид Хятадын инженертэй хамтран зуухаа үйлдвэрлэсэн, тэр зуухандаа “Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшийг туршсан. Энэ зуух “Нийслэлийн агаарын бохирдлын лаборатори”-т орсон. Бид авах ёстой газраасаа холбогдох бүх бичиг баримтаа авсан. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаанд оролцох эрхийг олгосон юм” гэлээ.
Шинэ технологиор хийсэн зуух 550 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд зуух нь агаарт дэгдэх хийг зуух дотроо шатааж, шахмал түлшиндээ зориулсан бүрэн шаталттай. Эхний 10-15 минутын хугацаанд асалтын сүүн утаа гарна. Гэхдээ хүний биед хүрэх хорт хий нь зуухан дотроо шатдаг давуу талтай. Долоон кг түлш хийхэд дулааныг 10-12 цаг баридаг гэдгийг танилцууллаа.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ