Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэй 73 кг: (74 бөх)
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт ОХУ-ын Муса Могушковтай барилдаж, 4 минут 7 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожлоо. М.Могушков гар ачаа буюу хориотой мэх хийснээр дүрмийн дагуу ялагдал хүлээлээ. Тэрээр өнгөрсөн жилийн Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн юм.
Манай бөх гуравдугаар тойрогт Белгийн Чоучи Самитай барилдах юм.
Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир Тажикистаны Кароматулло Хакимовтай шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө барилдана. Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан ч өрсөлдөгч бөх нь дэвжээнд гараагүй юм.
Эмэгтэй 55 кг: (55 бөх)
Дэлхийн аваргад анх удаа оролцож буй залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт Люксенбургийн Дурбач Манонд дийлдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ жингийн "D" хэсгийг Д.Сумъяа тэргүүлсэн бөгөөд тэрээр эхний тойрогт гоц мөргөөд байна.
Энэ өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхэлсэн бөгөөд тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна.
Ч.БОЛОР