Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдааны эхэнд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, уг төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан нэр томьёог тодорхой болгох, хуулийн төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, ойлгомжтой томьёолох, хориг арга хэмжээний жагсаалтыг ялгамжтай тодорхойлох зэрэг саналыг хэлэлцэж, дэмжсэн гэдгийг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг;” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.” гэсэн хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь заалтыг “хориг арга хэмжээний жагсаалт” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой” гэж, төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 6.1.1-д заасан терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт гаргана.” гэж, төслийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг “тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа.
Ингээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Хуралдаан “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нар тус тус танилцуулсан.
“Засгийн газрын агентлагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болгон өөрчлөн байгуулсан нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулах, бие даасан худалдан аван ажиллагааны мэргэжлийн байгууллагын тогтолцоог алдагдуулсан байна.
Яам, агентлаг, төрийн бусад байгууллагууд салбарын бодлого боловсруулах үндсэн чиг үүргийн хажуугаар худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил удаашрах, өртөг зардал нэмэгдэх, цаг хугацаа алдах, иргэдэд хүртэх төрийн үйлчилгээний хүртээмжийг удаашруулж байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Мөн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага байхгүй болсноор гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг зохион байгуулах мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж, худалдан авах ажиллагааны олон улсын зэргээс Монгол Улс ухарсан зэрэг сөрөг үр дагаварууд үүсчээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын 2019 ны 03 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг салгаж, Худалдан авах ажиллагааны бие даасан Засгийн газрын агентлаг дахин байгуулах эрх үйн зохицуулалт бий болсон байна.
Худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний тогтолцоог боловсронгуй болгох нь төрийн худалдан авах ажиллагаа системтэй, ил тод, хурдан шуурхай зохион байгуулах, захиалагч болон орон нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар цаг алдалгүй хангахад ихээхэн ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардлагагүй аж.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна. Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан нар оролцов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Болорчулуун, Ц.Мөнх-Оргил, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Л.Элдэв Очир, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн зүгээс тендерийг нэг газарт төвлөрүүлэхдээ орон нутагт гүйцэтгэх төсөл, арга хэмжээнд нийслэлийн компаниудын оролцоог хязгаарлах нөхцлийг зохицуулсан эсэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанаргүй гүйцэтгэлтэй компаниудын хар жагсаалтыг гаргасан эсэхийг лавлаж байлаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээнүүдийн тендерийн зарласан байдал, гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг лавлахын зэрэгцээ худалдан авах ажиллагааны бие даасан агентлагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлснийг тодруулж байлаа.
2019 оны байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх нийт тендерийг зарласан байдал нь 89 хувьтай байна. Үүнээс яамд дээр зохион байгуулж байгаа нийтдээ 835.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 170, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр 369,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 169 төсөл, арга хэмжээ байна. Үүнийг гүйцэтгэлээр нь авч үзвэл яамд дээр зарлагдсан тендерийн гүйцэтгэл 96.4 байгаа гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат хариуллаа. Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл, арга хэмжээнүүд холбогдох яамдынхаа эрхлэх асуудлын хүрээгээр, улсын хэмжээний томоохон төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж байна. Цаашдаа шинээр байгуулагдах худалдан авах ажиллагааны агентлаг нь нийт улсын төсвийн томоохон төсөл арга хэмжээнүүдийн тендерийг зохион байгуулна. Харин яамд өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой худалдан авах ажиллагаагаа зохион байгуулна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх худалдан авах ажиллагаа нь тус нутгийн худалдан авах ажиллагааны нэгжийн хүрээнд зохион байгуулагдана гэдгийг хариултдаа онцолсон.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан. Тиймээс худалдан авах ажиллагааны агентлаг байгуулж, яам, аймаг орон нутгийн тендертэй холбоотой асуудал Ерөнхий сайд дээрээ нэгтгэгдээд явах нь зүйтэй. Ерөнхий сайд бодлогын ажлаа зангидаад, түргэн шуурхай шийдэж явах нь үр дүнтэй гэж үзснийг хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр, тендерийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хар жагсаалтыг гаргах үүргийг Сангийн яамд өгсөн. Иймд Сангийн яам наймдугаар сарын 06-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчид руу хар жагсаалтад оруулах компаниудын нэрсийг гаргаж өгнө үү гэсэн албан бичиг явуулсан. Зарим нь хариу ирүүлээгүй байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээс авч үзэхэд гэрээний үүргээ зөрчсөн 15, мэдүүлгээ худлаа бөглөсөн 13, авлигын гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр 10 иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрс байна. Энэ асуудлыг удахгүй хар жагсаалтад оруулна гэсэн тайлбарыг өгч байлаа.
Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжсэн. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ