Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн бүрэлдэхүүний схемийг танилцуулж байна гэдгээ мэдэгдсэн. Түүний ярьснаар бүлэглэлийн гар хөл болдог улстөрчдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийг нэрлэсэн юм. Тэгвэл энэ мэдээлэлд С.Эрдэнээс тодруулсан юм.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Жинхэнэ бүлэглэлийг үүсгэн байгуулсан хүн бол Н.Алтанхуяг. МАНАН гэдэг нь 2004 оноос үүдэлтэй. Анх "Алтангадас" ассоциацийг байгуулж байхад МАН-аас Ц.Нямдорж, Сү.Батболд нарын маш олон хүн орж байсан юм билээ. Харин АН-аас Н.Алтанхуяг тэргүүтэй орж байсан түүхтэй. Тэр явсаар АН-ын том фракци болж хувирсан. Түүнчлэн 2004 оноос Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын оролцоотой эвслийн Засгийн газрыг байгуулсан. Улмаар 2008 онд төгс төгөлдөр биелэлээ олсон. Тухайн оны долоодугаар сарын 1-ний цустай яргалалын үр дүнд хоёр намыг толгойлж байсан нөхөд улс төрийн тохиролцоо хийж эвслийн Засгийн газар байгуулсан. Стандарт бус эвслийн Засгийн газрыг байгуулсан байдаг. Тухайн үед АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг таван залуугийн амь насаар таван сайдын суудлыг наймаалцсан. Өөрөө Шадар сайд болж байсан. Тэр үед энэ асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь би. Энэ зөвхөн 2008 оны долдугаар сарын 01-ний үйл явдлыг далдлах төдийгүй Оюутолгойн луйварын гэрээг хийх нөхцөлөө хангах гэж эвссэн гэдгийг сүүлд ойлгосон. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан цөөхөн гишүүнийн нэг нь би. Үүнээсээ болж янз бүрийн нэр цол зүүж ирсэн. МАНАН гэдэг нэр томъёог бий болгож, тэр хонгилыг бий болгосон хүн нь Н.Алтанхуяг дарга өөрөө мөнөөсөө мөн. Яаж ч арилгах гээд арилахгүй. Надад МАНАН үнэр байхгүй. Би МАНАН-гийн үед албан тушаал хашиж байгаагүй. Сүүлд 2012 онд АН-ын ялалтын үр дүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон. Би ам бардам хэлнэ, надад МАНАН-тай холбоотой асуудал байхгүй" гэсэн хариу тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ