Шоунд бус боловсролд мөнгө зарцуулъя

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Шоунд бус боловсролд мөнгө зарцуулъя

Өнгөрсөн долдугаар сараас эхлэн хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүссэн эцэг эхчүүд харъяа хороо, дүүргийнхээ цэцэрлэгийн үүдэнд дараалал үүсгэн дугаарлаж, хонож эхэлсэн. Ийнхүү олон хоног хүүхдийнхээ төлөө нойртой, нойргүй дугаарлан зогссон эцэг эхчүүд, цэцэрлэгийн бүртгэл явагдаж буй эдгээр өдрүүдэд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж, оруулах эсэх нь тодорхойгүй хүлээлттэй суугаа талаараа тэдний төлөөлөл мэдэгдлээ. Ялангуяа Баянзүрх дүүргийн 16 цэцэрлэгт бүртгэлийн тасалбар тарааж, сугалах зарчмаар хүүхдийг сонгон сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар болсон. Энэ шийдвэрээс болж олон хоног цэцэрлэгийн үүдэнд суусан иргэдийн хувьд хүүхдээ цэцэрлэгт оруулах эсэх найдлага нь буурчээ. Иймээс өнөөдөр эцэг, эхчүүд шийдвэр гаргагч нарт хандан мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын иргэдийн төлсөн татварын мөнгийг тэдний хойч ирээдүй болсон хүүхдүүд зориул. Хогны уут тараах, наадам тэмдэглэх хөрөнгөө улсынхаа ирээдүйн боловсон хүчнүүдийн боловсролд зориулаач, сургуулийн өмнөх боловсролоо дэмжиж, шинээр цэцэрлэг барьж өгөөч гэсэн санал, хүсэлтээ иргэдийн төлөөлөл илэрхийлсэн юм.

Уг нь Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүр сурч, боловсрох эрхтэй гэсэн ч өнөөдөр 27 мянган хүүхэд цэцэрлэг байхгүйгээс ялгаварлагдаж байна. Хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд сугалаа сугалах нь хүүхдээ сугалааны бинго болгосонтой ялгаагүй. Иймээс шинээр хэрэгжих бүртгэлийн тасалбарыг эсэргүүцэж буй талаараа БЗД-ийн иргэн Л.Балжинням ярив.

Улаанбаатар хот 152 хороотой. Гэвч өнөөдрийн байдлаар 40 хороо огт цэцэрлэггүй, 30 гаруй нь ганцхан цэцэрлэгтэй аж. Харин хороо тус бүр 10 мянга гаруй хүн амтай. Нэг хороонд амьдрах нийт хүн амын 15 хувь буюу 1500 гаруй нь цэцэрлэгийн насны хүүхэд байдаг гэсэн судалгааг эцэг эхчүүд гаргажээ. Үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэн цэцэрлэгт тоглон, наадаж, сурч, боловсрох ёстой 27 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна хоцрох нь эрүүл мэндийн хувьд эрсдэлд ордог гэнэ. Жишээлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очдог түлэгдсэн хүүхдийн 80 хувь нь гэртээ үлдсэнээс болдог гэжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж