Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэж, таксины жолооч нар өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр UBCAB такси үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяраас дээрх асуудлаар тодрууллаа.
-UBCAB таксины онцлогийг ярихгүй юу. Хувиараа үйлчилгээнд буй жолооч нар энэхүү аппликейшнд нэгдсэнээр ямар давуу талтай вэ?
-Улаанбаатар хотын такси үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор UBCAB аппликейшныг нэвтрүүлсэн. UBCAB аппликейшныг одоогоор 60 мянган хүн хэрэглэдэг. Энэхүү аппликейнд 400 такси эрхлэгч нар хамрагдаж ажлын байраар хангагдаад явж байна. UBCAB өдөрт 5-6 мянган дуудлага хүлээн авдаг. Гэхдээ бид дуудлагын тавны нэгийг нь гүйцэтгэж амждаг. Такси үйлчилгээ сайжирвал хувьдаа автомашинтай байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр нийслэл хотод такси үйлчилгээ эрхэлдэг Hyundai Kia маркийн автомашинтай хүмүүсийг нэгтгэх зорилгоор дээрх авто машиныг эзэмшдэг иргэдийн хоршоо байгуулсан. Хоршоо байгуулсны гол зорилго нь нийслэл хотод өнөөдөр 2.5 сая хүн ам, 500 мянган автомашинтай. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэгд тээврийн хэрэгсэл ногдож байна. Нийслэл хот 2019 онд 1000 автобустай үүний 80 хувь нь насжилт нь дуусч байгаа бол 500 ширхэг стандарт такситай ч эдгээрийн 50 хувь нь ирэх жил насжилт нь дуусна.
-Нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгодог талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид өнгөрөгч долдугаар сард арилжааны банктай хамтраад 10 тэрбумын санхүүжилттэйгээр мянган ширхэг такси үйлчилгээг нийслэл хотод нэвтрүүлье гэдэг зорилт тавьсан. Гэхдээ бидэнд нэг асуудал гарч ирсэн. Юу вэ гэхээр такси үйлчилгээ бол нийтийн тээврийн нэг төрөл. Нийтийн тээврийг гэрээгүйгээр хийж болохгүй гэсэн зохицуулалт байгаа. Манай UBCAB-д 400 такси явж байгаагийн тал нь нийтийн тээврийн гэрээгүй буюу такси компанид харьяалагддаггүй. Харьяалагдъя гэхээр такси компани сард 50 мянган төгрөг нэхдэг. Тийм учраас бид хоршоо байгуулаад өөрсдөө зардлаа хариуцаад нэгдүгээр эгнээнд зорчих зөвшөөрөл олгохыг хүсч байгаа юм. Иймээс манай хоршоонд жолооч нарыг нэгдээсэй гэж уриалмаар байна.
– UBCAB аппликейшны тухайд?
-Нийтийн тээврийг хөгжүүлнэ гэхээр метро, тусгай зам ярьдаг ч хэзээ ч хэрэгждэггүй. Хувиараа халтуур хийдэг хүмүүс нийслэлийн таксины хэрэгцээг хангаж байгаа нь үнэн. Монголын арав гаруй инженер залуус дөрвөн жил хөдөлмөрлөсний эцэст стандартад нийцсэн тоолуурыг бүтээсэн. Тэдгээр залуус өөрсдөө программ бичсэн болохоор ямар ч системд интеграци хийх бололцоотой. Манай такси үйлчилгээ эхний нэг километр нь 1500 дараачийн километрээс эхлээд 1000 мянган төгрөгөөр тооцогддог. Төлбөр төлөх бүх боломжийг бид олгосон. Ирэх оноос бид такси үйлчилгээндээ E баримт олгодог болгохоор зорьж байна. Одоогоор 200 таксинд тоолуур суулгасан.
Э.АРИУН
Холбоотой мэдээ