"Театрын барилга сэргээн засахгүй бол нурааж шинэчлэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

"Театрын барилга сэргээн засахгүй бол нурааж шинэчлэх хэрэгтэй"

"Театрын барилга сэргээн засахгүй бол нурааж шинэчлэх хэрэгтэй"

Дурсах түүхгүй, харуулах соёлгүй, үлдээх өвгүй бол бидний  тусгаар байдал ганхана. Тиймээс ч Засгийн газрын УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгаж, дахин барих шийдвэр нь олон нийтийн дургүйцлыг хүргэж шүүмжлэл дагуулсан билээ. Тэдний дунд Монголын түүхэн цаг үеийг илтгэх, урлаг соёлын өв болсон бүтээлд өөрөөр хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэгчид цөөнгүй байгаа юм. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайд Ё.Баатарбилэг энэ сарын 8-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ Монголын соёл урлагийн салбарын ууган байгууллагуудын барилгыг шинэчлэх ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Харин урлаг соёлын салбарынхан энэ шийдвэрийг эргэн харж, барилгын ажлыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна гэх байр суурийг өнөөдөр /2019.10.10/  илэрхийллээ.

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэвсамбуу, УДБЭТ-ын захирал, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс тэргүүтэй олны танил эрхэм болон МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэдний зүгээс  театрын барилгын ажлын шинэчлэлт, сэргээн засварлалтын ажил нь нураах, өв соёлоо устгаж буй асуудал биш гэсэн тайлбар өгөв. Уран бүтээлчдийн хувьд  урлаг соёлын салбарын үе үеийн уран бүтээлчдийн нэгэн жарны турш хүлээсэн театрын шинэчлэлт олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас гацсанд харамсч байгаа тул ойлгож дэмжихийг хүслээ.

           Ё.БААТАРБИЛЭГ  САЙД ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРНА УУ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.ЦЭРЭВСАМБУУ: 

-Монгол Улсад орчин цагийн урлаг соёл үүсч, хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Миний ойлгож буйгаар аливаа улс үндэстний тусгаар байх олон хүчин зүйлс бий. Үүний дотор Үндэсний номын сан, Үндэсний театр, Үндэсний музейтэй байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа бидний монголчууд олон мянган жилийн нүүдлийн соёл иргэншлийн өв соёлд тулгуурлан суурин соёл иргэншлийн хөгжилтэй хамтатгаж театрын урлаг хөгжиж ирсэн. Урлаг соёлын салбар 90 шахам жил хөгжиж ирэхдээ түмэн олныхоо хайр ивээлд дэвшиж ирсэн сайн сайхан зүйлүүд олон байгаа. Үүний хажуугаар дэлхий, нийгмийн хөгжлөөс хоцрогдсон олон зүйл бий. Хүнд нөхцөлд ажиллаж ирсэн төдийгүй техник технологийн хөгжлөөс хоцрогдсон. Энэ бүхнийг бид ард иргэд, төр засагтаа гомдоллож өлсөж ядарч байна гэж хэлж үзээгүй. Гуйж байгаагүй. Төрөөс урлаг соёлын салбартаа хандуулж ирсэн бодлого сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шаардлагын түвшинд хүрээгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тодотголтой Засгийн газар урлаг соёлын салбарт анхаарал хандуулж, туслалцаа хүссэн олон асуудлыг мэдэрч анхаарч ойлгож тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Мэргэжлийн урлагийн байгууллагуудад тулгамдаж буй хамгийн том бэрхшээл болсон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилга байшингийн асуудлыг төрөөс анхаарч ивээл хайраа үзүүлж эхэлж байтал хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай мушгиж, театрын шинэчлэлийн  ажил цуцлагдсанд бид маш их харамсч байна. Театрын уран бүтээлчдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гаргасан шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна.

ОЛОН НИЙТИЙН ХҮЧТЭЙ ЭСЭРГҮҮЦЛЭЭС БОЛЖ БАРИЛГЫН ШИНЭЧЛЭЛТ ЗОГССОНД ХАРАМСЧ БАЙНА

Монголын Үндэсний номын сангийн захирал Б.ИЧИНХОРЛОО

-Соёл урлагийн салбарт нэгэн том бэрхшээл гарсан. Соёлын өвийг хамгаалахтай холбоотойгоор театр, номын сангийн барилгыг шинэчлэн засварлах зураг зохиолгох тендер төсвийн ажилд зориулсан 2020 оны улсын төсөвт төлөвлөгдсөн байгууллага тус бүрийн шинэчлэлийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг зогсоосон мэдэгдлийг соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хийсэн. Энэ шийдвэр нь бид бүхний олон жилийн турш хүлээж байсан соёлын шинэчлэлийн асуудал гацаанд орж буй нэг хэлбэр боллоо. Засгийн газраас дөрвөн байгууллагын  барилгын шинэчлэлийг хийхээр болсон ч олон нийтийн зүгээс соёлын өвд халдаж байна гэдэг үндэслэлээр хүчтэй эсэргүүцсэнээс болж Монголын соёл урлагийн салбар хүчтэй цохилт авлаа. Биднийг төрөөс анхаарч байна гэдэгт баярлаж байсан. Тэгвэл өнөөдөр 30 мянган лам нарынхаа амь насаараа хадгалж  өнөөдрийг хүртэл өвлүүлж ирсэн түүх судар чинь үгүй болох нь.  Ослын нөхцөл байдалд бид ажиллаж, ном судрууд нь стандартын шаардлага нийцэхгүй орчинд хадгалагдаж байгаа шүү.

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ АВАХГҮЙ БАРИЛГАД АЖИЛЛАЖ БУЙ

БИДНИЙ АМЬ НАС ҮНЭ ЦЭНЭГҮЙ ЮМ УУ 

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.СУВД: 

-Намайг сурагч байхад л Улсын драмын эрдмийн театрын барилгын асуудлыг ярьж байсан. Одоо нэг жаран өнгөрөх нь. Бид театрын ажилчдын хүнд нөхцөл байдлын талаар олон нийтэд, төр засагтаа  гомдоллож байгаагүй.  Нэг жарны турш яригдаагүй асуудал анх удаа яригдаж шийдлээ оллоо гэдэгт би маш их баяртай байсан. Энэ барилгыг шинэчлэх тухай асуудалд өөрийн биеэр оролцож, ярьж байсан юм. Одоогоос 10 гаруй жилийн өмнө театрыг сэргээн засварлахад өчнөөн тэрбум төгрөг шаардлагатай гэж Германы мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргасан шүү дээ.Байшинг байшин шиг байлгахын тулд хэчнээн их засвар мөнгө засч байна вэ. Үүнийг тооцож байгаа хүн байгаа юм уу. Гаднын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ялзарч, хөгцөрсөн тоосгыг будаад бид ажиллаж болно. Гэхдээ байшин нурахад үзэгчид, тэнд ажиллаж байгаа бидний амь үнэгүй байх юм уу. Яагаад бидний амь үнэ цэнэгүй байгаа юм бол. Театрын байшинг байшин шиг байлгахын төлөө өчнөөн зардлыг улсаас гаргаж байна. Өөрсдийн орлогоосоо мөнгө гаргаж байшинг будаж, чадлынхаа хэрээр л байшинг байлгахын төлөө хичээж байна. Гэхдээ энэ байшинг шинэчилнэ гэдэг нь өнгө зүсийг нь хувиргаж нурааж буй юм биш. Театрын барилгыг өнгө үзэмж, эх төрхөөр нь шинэчилж сэргээн босгоно л гэж ярьж байгаа юм. Тийм учраас энэ барилгыг улсын дайтай авч явах юмсан гэсэн сэтгэлтэй хүмүүс театрт ажиллаж байгаа шүү гэдгийг анхаараасай.

ШААРДЛАГАД НИЙЦЭХГҮЙ БОЛ БАРИЛГЫГ НУРААХГҮЙ ЯАХ ЮМ

Төрийн соёрхолт УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.НАРАНБААТАР: 

-Урлагийнхан бол хуцдаг замын ноход биш. Бид соёлыг түгээдэг, хүний оюун тархийг тэжээдэг. Олон хүн юу ч мэдэхгүй их олон үг ярилаа. Дуугүй л байлаа. Сайн юм хийхэд садаа мунддаггүй гэж ямар үнэн үг вэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар уран бүтээлчдийн нөхцөл байдлыг анхааралдаа авч театрыг шинэчилнэ гэдэгт маш баяртай байна. Уран бүтээлч хүмүүс бол нийгмийн баялаг.  Энэ баялгаа зарим хүмүүс яагаад хог гэж үзээд байна вэ. Айл гэрийн амьдралыг мэдэхгүй байж гаднаас нь хараад ярих хэрэггүй. Театрын барилгыг театрт ажиллаж байсан хүмүүс нь л мэднэ. Дөрвөн баллын газар хөдлөлтөд тэсвэргүй театрын барилгад тоглолт болох үеэр аливаа эрсдэл болбол олон үг ярьсан хүмүүс хариуцах уу. Бүгд л алга болно. Ийм гамшиг болохоос бид сэргийлж дуугарч байгаа юм. Орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх боломжгүй, хана нь модон дан нуруутай, шороон шохойгоор хийсэн ийм барилгын таазанд олон улсын шийдэлтэй, орчин үеийн гэрэл зооход даахгүй. Ийм байхад нураахгүй яах юм. Нураагаад шинэ технологи, шинэ биет, шинэ дэвшилтэт технологи ашиглахаас өөр аргагүй. Нөгөө талаас уран бүтээлчдийн эрүүл ахуйг бодох ёстой. Урлаг бол улс төр биш. Тиймээс битгий улстөржүүл гэлээ.

Соёлын өвийн үндэсний төвөөс Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын санг соёлын өвд хамаарахгүй гэдгийг онцлов. Тус газрын дарга Г.Энхбатын хэлснээр Монгол Улсын ууган барилгууд нь соёлын өвд хамаарах шаардлага хангахгүй гэдгийг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж