Орчин цагийн Төвөдөөр аялуулсан “Төвөдийн жаран”-г тольдоорой

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Орчин цагийн Төвөдөөр аялуулсан “Төвөдийн жаран”-г тольдоорой

Орчин цагийн Төвөдөөр аялуулсан “Төвөдийн жаран”-г тольдоорой

Дэлхийн дээвэр гэгддэг Төвөд орныг монголчууд ариун дагшин Цастын орон гэдгээр нь төсөөлдөг. Гэвч бидний төсөөллийг эвдэж, орчин цагийн Төвөд орноор аялуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн өнөөдөр /2019.10.10/ Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.


Жаран жилийн өмнө аль нэг сүм хийдэд шавилан суухаас өөр амьдрах аргагүй байсан төвөд жаалууд өдгөө орчин цагийн шинжлэх ухаанд шамдан суралцаж буй, нэгэн цагт эрэлчин мөргөлчин өсгий өсгийгөө тэмтчин мөргөдөг байсан сүм хийдүүд аялал жуулчлалын гол цэг болсон тухай, лам нар нь Буддагийн сургаалиар ном хаялцаж, ухаанаа уралдуулан хэрхэн маргалдаж буй, өндөр өндөр уулсыг хэрхэн нүхэлж хурдны зам, гүүрэн бүтээн байгуулалт хийсэн талаар өгүүлэх олон сонирхолтой гэрэл зургууд олны хараа булаана.

Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт нэгэн хүндтэй, нэн ховор бүтээлийг байрлуулжээ. Энэ бүтээл нь Лхасын Потала ордонд хадгалагдаж байгаа Улаанбаатар хотын анхны шав тавьсан газрыг дүрсэлсэн зураг юм. Уг бүтээлийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд цугласан олны сонирхлыг багагүй татаж харагдав. Зарим нь түүхэн бүтээлийн он цагийн талаар санал солилцож, байр сууриа илэрхийлж байв.

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР” БҮТЭЭЛТЭЙ ЭН ДҮЙЦЭХҮЙЦ ХОВОР ЗУРГИЙН ХУУЛБАРЫГ АВЧ ИРЛЭЭ”

Энэ бүтээлийн талаар аялалын багийн гишүүн, Үндэсний төв номын сангийн Төвөд судлаач Г.Ням-Очир тайлбарлахдаа “Бидний Төвөдийг зорих болсон гол зорилго маань биелсэн. Учир нь тэртээ 1648 онд Өндөр гэгээн Занабазарын 13 насны ойн баярыг тэмдэглэн, өнөөгийн Эрдэнэзуу хийдийн орчимд Шанхан хийдийг барьж байгуулсан тухай дүрсэлсэн бүтээлийн хуулбарыг эх оронд нь авчирсан байгаа. Энэ үе Улаанбаатар хот байгуулагдаад есөн жил болж байсан. Тэр үед хүрээ 30 аймгийн 23 аймаг нь байгуулагдсан байсан бөгөөд Сангийн яам байгуулагдсан байсныг дүрслэн харуулсан байгаа. Мөн энэ зурагт мандал хэлбэртэй дөрвөн үүдээр Халхын дөрвөн хан хадаг барьж, бэлэг сэлт өгч байгааг дүрсэлснээрээ онцлог.

Энэ зургийн талаар судлаачид санал солилцохдоо нэгдүгээрт монгол зураач зурсан байна. Хоёрдугаарт алдарт Марзан Шаравын зурсан “Монголын нэг өдөр” бүтээлтэй эн дүйцэхүйц агуулга, дүрслэлтэй, ховор зураг байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Энэ бүтээлээс уран зургийн, хот байгуулалтын, бурхан шашны гэх мэт олон судалгааг хийж болно. Бид энэ зургийн тухай англи, хятад, төвөд хэл дээр судалгааны ном гаргахаар ажиллаж байна. Бусад монголын уран зургийн харьцуулсан судалгааг хийж, ирэх жилээс энэ зургийн тухай илүү дэлгэрэнгүй номыг уншигч та бүхэндээ хүргэнэ” гэдгийг онцлон хэлж байв.

Үндэсний төв номын сангийн Төвөд судлаач Г.Ням-Очир

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд Шин Хаймин үг хэлэхдээ “Монголын найман сэтгүүлч Төвөдийн уудам сайхан орноор аялсан тэмдэглэлээ энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнгээр дэлгэн харуулжээ. Сэтгүүлчдийн хувьд Төвөд орны өнөө цагийн хөгжил, үзэсгэлэнт байгаль, эгэл жирийн амьдралыг үнэн бодитоор нь харуулсан байна. Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын хувьд Төвөдтэй өнө эртний бурхан шашны харилцаа холбоотой ард түмэн. Төвөд орон ардчилсан өөрчлөлт хийсний дараах 60 жилийн хугацаанд БНХАУ-ын дэмжлэг дор харьцангуй ядуу байсан хуучин Төвөдийг бодвол эдийн засгийн хөгжил цэцэглэлт өрнөж буй шинэ Төвөд орныг цогцлон байгуулаад байна” гэдгийг яриандаа онцолсон юм.

“ТӨВӨДИЙН АРД ТҮМЭН МОНГОЛЧУУДАД ИХ ДОТНО, ЭЛГЭМСЭГ ХАНДДАГ”

гэрэл зурагчин Б.Рэнцэндорж

Сэтгүүлчдийн баг бүрэлдэхүүнд багтсан гэрэл зурагчин Б.Рэнцэндорж Төвөд орноор аялсан сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Тэрбээр “Манай баг найман хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн хугацаанд БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орноор аялаад ирлээ. Миний хувьд Төвөдөд анх удаа очсон учраас Төвөдийн талаар гэрэл зургийн цомог, ном уншиж судалгаа хийсэн. Гэтэл тэнд очиход төсөөлж байснаас тэс өөр орон угтсан. Уг үзэсгэлэнгээрээ Төвөд орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг үнэн бодит баримтат гэрэл зургийн хальснаа буулгахыг хичээлээ. Бидний хувьд шахуу хөтөлбөртэй аялсан учраас зарим бодож, төлөвлөсөн зургаа дурандаа буулгаж чадаагүй. Тиймээс надад дараа заавал Төвөд орныг дахин зорих нууцхан хүсэл төрсөн шүү” гэлээ.

“News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа

“Монголчуудын зүрх сэтгэлд Төвөд орныг ариун дагшин газар гэж ойлгодог. Нөгөө талаасаа тэнд орчин цагийн хөгжил хүрээгүй гэх өрөөсгөл ойлголт байдаг. Тухайлбал, миний Төвөд орны тухай төсөөлөл тэнд очоод 180 хэм эргэсэн. Лхас хот руу хүрэхэд замд хурдны зам, гүүр, уул нүхэлсэн хонгил гээд орчин цагийн техник технологийн гайхамшгийг харуулсан бүтээн байгуулалтыг сүүлийн долоо, найман жил эрчимтэй хийсэн байна. Өнгөрсөн 2018 онд Төвөд орон БНХАУ-ын бүсүүдийн дотор эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, 17 хувиар өссөн юм билээ. Энэ бол тэр бүтээн байгуулалтуудын үр дүн гэж бодож байна. Мөн ард иргэдийн амьдрал дээшилсэн байна. Жирийн барилгын компанид ажилладаг ажилчдын сарын дундаж цалин 10 мянган юань. Анх тэр барилгын компани үүсгэн байгуулагдахад ажилчдын дундаж цалин 50-70 юань байсан юм билээ. Бурхны шашны эртний түүхтэй, сүсэгтнүүдийн хөлд дарагдсан хуучны сүм хийдүүдийн хадгалалт, хамгаалалт дээд зэргээр хийсэн байна. Монголчуудын “Мөнх зуу“ гэж ярьдаг эртний хийд 1000 гаруй жилийн насжилттай мөртлөө дотор нь сонирхон үзэж буй хүмүүс дүүрэн байх жишээтэй. Тэр хийдийн довжоо, хаалганы модон бариул нь бүр чулуу шиг болчихсон. Хийдийнхээ гол шүтээнүүдийнхээ өмнө төмөр хаалт тавьж, сунаж мөргөдөг тусгай талбай гаргасан байдаг. Лхас хотод байрлах эртний Потала ордон гэхэд өдөртөө 5000-6000 хүн хүлээн авдаг. Тэрнээс олон тооны хүн хүлээн авч болдоггүй учраас үүдэнд нь орж үзэх хүсэлтэй хүмүүс дугаарласан байсан. Бас сүм хийдийн лам нар нь монголчуудад их дотно, элгэмсэг ханддаг юм билээ. Жишээлбэл “Мөнх зуу” хийдийн гол шүтээнийг хаалттай үзүүлж, сонирхуулахгүй байхад “Монголчууд явж байна” гэсэн чинь хаалтыг нь авч, шүтээндээ мөргүүлсэн. Ер нь Төвөдийн ард түмэн монголчуудад их элэгтэй ханддаг гэдгийг мэдэрсэн” тухай “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа ярилаа.

Төвөд бол БНХАУ-ын онцгой эрхэт таван автономит бүсийн нэг. Хятадын баруун өмнөд хил дагуу нэг сая 200 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамран оршино. Энэтхэг, Балба, Бутан улстай хиллэнэ. Сүүлийн тоо баримтаар гурван сая 430 мянган хүн ам Төвөдийн өндөрлөгт оршин сууж байгаагийн 90 гаруй хувь нь төвөдүүд.  Хятадын засаг захиргааны нэгж дотор хамгийн сийрэг суурьшилтайд тооцогддог байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж