ӨХ хохирогчийг хамгаалах ёстой

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

ӨХ хохирогчийг хамгаалах ёстой

Монголд анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойн хүрээнд УИХ-аас Өршөөлийн хуулийг баталсан талаараа улстөрчид ярих болсон. Монгол Улсын төрийн дээд байгууллага бол УИХ. Гэтэл 25 жилийнхээ ой дээр УИХ-аас Өршөөлийн хуулийг баталж, авлига, албан тушаалтнуудыг хэргийг өршөөх болсныг олон хүн эсэргүүцэн, шүүмжилж байгаа юм. Тиймээс энэ талаар хуульч Р.Батрагчаатай ярилцлаа.

-Ардчилалын 25 жилийн ойн хүрээнд гэсэн “малгай”-н дорх Өршөөлийн хуулийг УИХ-аас баталчихлаа. Энэ хууль олон нийтийг хоёр хуваагаад байгаа. Олонх нь эсэргүүцэж, цөөнх дэмжээд. Та хуулийг олж харсан уу. Ер нь УИХ ямар хууль баталчихсан байна вэ?

-Өршөөлийн тухай хуулийг олон нийтэд ил болгосны дараа олж харсан. УИХ-ын гишүүд Өршөөлийн хууль дээр нухацтай ажиллаж чадсангүй гэж харж байна. Зарим нэг заалтуудыг дутуу харсан байна.

-Яагаад дутуу харсан гэж?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн хуулиар хохирогчийн эрхийг хамгаалах асуудлыг бүрэн орхигдуулсан байна лээ. Хэдийгээр Өршөөлийн хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн этгээдийг өршөөхөөр суулгасан ч үүний цаана хохирогчийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Тодруулбал, Өршөөлийн хуулиар хохирлын хэмжээний асуудлаар тухайн гэм буруутай этгээд хохирогчтой иргэний журмаар маргах боломжийг нээсэн. Өнгөцхөн харахад асуудлыг шийдэж байгаа мэт боловч үнэн хэрэг дээрээ хохирогчийн эрхийг хамгаалж чадаагүй, хохирогчид молиг үмхүүлээд зүгээр л нулимчихаж байгаа гэсэн үг. Энэ зохицуулалтын гайгаар гэм буруутай этгээд өршөөлд хамрагдахын тулд би буруутай, би хохирлоо төлнө гэж хэлчихээд өршөөгдсний дараа хохирлын хэмжээг үл хүлээн зөвшөөрөх байдлаар хохирогчтой эцэс төгсгөлгүй маргаад эхэлбэл яах вэ. Ийм зүйл зайлшгүй гарна. Хоёрт, нөгөө хохирогч маань эргээд хэргээ иргэний журмаар шийдүүлэхийн тулд улсын тэмдэгтийн хураамжаас багагүй зардал болж, санхүүгийн хувьд дарамтад орно. Байгаа хэдэн төгрөгөө луйвардуулсан хүнд энэ бол санхүүгийн том дарамт биз дээ. Дээр нь цаг хугацаар хохироно. Харин залилагч этгээд энэ бүх хугацаанд хожоод л яваад байна гэсэн үг. Хохирогчийн эрхийг аль болох л богино хугацаанд сэргээж байх ёстой. Би Өршөөлийн хуулийн гол зорилго нь хохирогчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэх ёстой үздэг. Энэ хууль хохироосон хүнээ хохиролгүй болгосон хүнд л хамгийн түрүүнд үйлчилж байх учиртай юм. Хохирлоо аль хэзээний барагдуулчихсан хүнийг л өршөөх хэрэгтэй.

Өөр нэг хэлэхийг хүссэн зүйл бол өмнө нь уучлалд хамрагдаад дахин гэмт хэрэг үйлдсэн, гурванудаа хорих ял эдэлчихсэн хүнийг өршөөлд хамруулж байгаа нь учир дутагдалтай. Монголын төр нийгэмд аюултай этгээдийн толгой илдэг байх учиргүй. Бусдыг хохироосон хүнийг өршөөгөөд, хохирсон хүнийг “хохь” нь гээд хаячихаж болохгүй. Өөрөөр хэлбэл, өмнө нь төр тухайн хүнд итгэлээ үзүүлсэн, гэтэл тэр хүн итгэлийг нь эвдээд, дахиад л хэрэг үйлдээд л байдаг. Энэ юуг хэлээд байна гэхээр тухайн этгээд засарч хүмүүжихгүй, мөн эргээд нийгэмд, бусдын эрх, эрх чөлөөнд аюул учруулахуйц байна гэсэн үг. Тиймээс энэ хуулийн сул тал, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг зайлшгүй бодолцож үзэх ёстой болно. Аливаа цоорхой багатай хууль батлахгүй бол хуулийг цоорхойг ашиглаад гэмт хэрэгтнүүд хождог нөхцөлийг бүрдүүлж өгч болохгүй юм. Үүнд нухацтай хандах хэрэгтэй. Нөлөөллийн судалгааг сайн хийх хэрэгтэй.

-Өршөөлийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан. Гэтэл зарим хүмүүс Өршөөлийн хуульд бүхэлд нь тавьчлаа гээд эсэргүүцээд байгаа. Хоригийг хүлээж авахаа цөөнгүй гишүүд илэрхийлсэн. Харин та юу гэж харж байна?

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсныг зөв гэж үзэж байна. Ялангуяа авилга, албан тушаалын хэргүүд, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг хавтгайруулан өршөөлд хамааруулах нь буруу болов уу. Төрийн нэгдмэл бодлого асар чухал. Өршөөл үзүүлж байгаа нэрээр Үндсэн хуулиа давж гишгэсэн, нийтлэг эрх ашиг, үнэт зүйлээ умартсан үйл ажиллагаа хэрхэвч явуулж болохгүй биз дээ. Олон улсын тавцан дахь нэр хүндээ бодсон ч, Монгол Улс бодлоготой, алсын хараатай гэдгээ үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрээрээ харуулж байх ёстой. Монгол төрийн хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь гадаад орнуудад сайн туршлага гэж үнэлэгдэх тэр хэмжээнд бид ажиллах ёстой. Тиймээс энэ удаагийн Өршөөлийн хуулийг эргэн харах зайлшгүй шаардлагатай юм. Хууль санаачлагч нь хүртэл өргөн мэдүүлсэн төслөөс тэс өөр хууль баталчихлаа гээд яриад байгааг бүгд л харсан. Албан тушаалтнууд чинь төр засна, түшнэ гэж очсон биз дээ. Албан тушаалтныг өршөөнө гэдгээсээ татгалзаж, иргэдээ өршөөсөн нь зөв байх. Өршөөлд хамруулах бололцоотой зөндөө л хэрэг бий.

-Ямар, ямар хэргүүдийг өршөөлд хамруулах ёстой гэж?

-Эрүүгийн хуулийн 96.1-д заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг байна. Өршөөлийн хуулиар энэ гэмт хэргийг Өршөөлд хамааруулахгүй нөхцөлд тусгасан харагдан лээ. Гэтэл энэ заалтаар маш олон залуучууд ял сонсч өргөст торны цаана ирээдүйгээ “идэж” сууна. Энэ хэргийг үйлдсэн шалтгаан нөхцөл нь ихэнхдээ болгоомжгүйгээр, анх удаа, согтуурсан этгээдийн зүй бус үйл ажиллагааг эсэргүүцэх явцдаа, найз нөхдөө зодоон цохионоос салгаж байхдаа гаргасан болчимгүй үйлдэл нь гэмт хэрэгт буруутгагдах үндэслэл болсон байдаг. Энэ гэмт хэргийг өршөөлд бүрэн хамааруулах боломжтой юм. Энэ мэтээр сайхан сайхан залуучуудаа шоронгийн цаана суулгаж байгаа нь гаргасан хууль тогтоомжоо иргэддээ хангалттай таниулдаггүй, иргэдийнхээ эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд анхаардаггүйтэй холбоотой.

-Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тиймээс авилга албан тушаалын хэргийг өршөөлд хамааруулах зүйтэй гэж яриад байна. Энэ талаар таны байр суурь?

-Маш энгийнээр хэлбэл хууль бол төрийн бодлого юм. Тиймээс төр Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, заалт, таслалд төрийн бодлогоо шингээх учиртай. Өршөөл юм чинь гээд төр бодлогоо алдаж, салхинд хийссэн хамхуул шиг байж болохгүй. Харин ч бодлогоо улам бүр чанаржуулж, алдаа байвал засч, ололтоо баталгаажуулах явах нь зөв болов уу. Авилга албан тушаалын гэмт хэргүүдийг Өршөөлийн хуульд хамааруулснаараа манай улсын авилгын индекс нэлээд буурах нь тодорхой, тэр хэрээр олон улс дахь нэр хүнд унаж, манай улсад итгэх итгэл буурна. Манай улс Авилгын эсрэг конвенцед нэгдчихсэн улс. Энэ конвенциор хүлээсэн үүргээ ч шударгаар биелүүлнэ гээд Үндсэн хуулиндаа заачихсан шүү дээ. Олон улсын гэрээнд нэгдэн орчихоод за яадгийн гэдэг байдлаар хандаж болохгүй. Энэ бол үүрэг, хариуцлагыг давхар дагуулдаг зүйл. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх монгол төрийн бодлогын цаана олон байгууллага, хүний хүчин чармайлт, итгэл, хүлээлт байна. Энэ улсад төрийн бодлого гэж байна уу, үгүй гэдгийг гадаад, дотоодын олон нүд харж байгаа болохоор Ерөнхийлөгчийн хоригийг маш нухацтай хэлэлцэх учиртай.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж