НЭМЭЛТ 16.00 ЦАГ
Сайжруулсан түлш тойрсон асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, түргэн тусламжийн 103 төв, Эрүүл мэндийн үндэсний төв, Онцгой байдлын газраас өнөөдөр /2019.10.10/ 16.00 цагт мэдээлэл өглөө.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ “Өглөөний зургаан цагаас өнөөдрийн 15.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт нийтдээ угаарын хийнд хордсон гэх 11 иргэн эмнэлэгт хандсан. Үүний дөрөв нь хүүхэд, долоо нь том хүн байгаа бол гурван иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дүүргээр нь авч үзвэл Чингэлтэй дүүргийн нэг айлын хоёр хүн, Баянзүрх дүүрэгт хоёр өрхийн гурван хүн, Хан-Уул дүүрэгт нэг хүн, Сонгинохайрхан дүүрэгт нэг өрхийн таван хүн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 14 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад иргэд гэрээр эмчлүүлэхээр зөвлөгөө аваад гарсан.
-Өнгөрсөн шөнө дахин нэг зуух дэлбэрсэн гэж байна?
-Өнгөрсөн шөнийн 02.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд иргэн А-гийн ханан пийшин дэлбэрсэн. Энэ дагуу цагдаа мэргэжлийн хяналт, онцгой байдлын байцаагч ажилласан. Нөхцөл байдлын тухайд шөнийн 24.00 цагт шахмал түлш хийгээд 02.00 цагт дэлбэрсэн. Энэ шахмал түлшнээс болсон уу, пийшийнгийн эдэлгээ чанар, шаардлага хангаагүй байсан уу гэдгийг холбогдох байгууллага тогтооно. Тухайн айл 2-14 насны гурван хүүхэдтэй айл байсан.
НЭМЭЛТ: 12.15 ЦАГ
Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол нэг удаадаа үнэгүй суурилуулахад шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргахаар болсон. Тэгвэл Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос дээрх асуудлаар өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Сайжруулсан түлшний асуудлыг иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн албаны бүх хүмүүс ярьж байгаа ч ямар нэгэн гарц шийдэл ярихгүй байна. Агаар орчны бохирдлыг бууруулах газрын дарга нь өчигдөр мэдээлэл хийхдээ шахмал түлшийг үргэлжлүүлэн туршина гэлээ. Туршаад хүн нас бараад байхад үргэлжлүүлэн туршина гэж байгаа бол үнэхээр ноцтой асуудал. Дээрээс нь бүр төсөв нэмж 6.6 тэрбум төгрөгөөр утаа мэдрэгч айл бүрт тараана гэж байна. Шахмал түлш түлэх зааварчилгааг ил тод болгоогүй, судалгаа туршилт хийгдээгүй нөхцөлд шахмал түлшийг түлэх шийдвэр гаргаж иргэддээ хүчээр шахсан. Эцэст нь хүний амь нас хохирч байна.
Төр шийдвэр гаргасныхаа төлөө тэрхүү шийдвэр нь буруу байснаас болж хүний амь нас эрсдэж байхад хариуцлага хүлээх ёстой. Наад захын ёс зүйн хариуцлага хүлээж өөрсдөө уучлалт гуйх ёстой. Цаашдаа шахмал түлшийг үргэлжлүүлэн хэрэглэ гэж байгаа юм бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэсэн баталгаа гаргаж өгөөч. Тэгэхгүй бол иргэд түлш түлэхээс хүртэл айж байна. Бид агаарын бохирдлын эсрэг тэмцэх ёстойгоо мэдэж байгаа. Гэтэл эсрэгээрээ төрийн хариуцлагагүй үйлдлээс болж хүний алтан амь эрсдэж байгаа нь төрийн буруу. Шахмал түлшний гадна талын уутан дээр “Бүх төрлийн зууханд хэрэглэх боломжтой” гээд бичсэн байгаа юм. Энэ бол иргэдээ мэдээллээр хангаагүй хуурснаас өөрцгүй явдал. Нийслэлд өнөөдөр сая 400 гаруй хүн амьдардаг.Үүнээс 530 мянган хүүхэд амьдарч байгаагаас 300 мянга нь гэр хороололд амьдардаг. Гэр хороололд 6.6 тэрбум төгрөгөөр утаа мэдрэгч тараах биш стандарт зуух авч өгөөч. Төр өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанд 6.6 тэрбум төгрөгийг төсөвлөж чаддаг мөртлөө шахмал түлшийг ашиглах нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэх судалгааг хийхэд мөнгө төсөвлөөгүй байсан нь харамсалтай. Тиймээс Ерөнхий сайдаас төрийн алба хаагчдад ёс зүйн хариуцлага тооцох, шахмал түлшний шинжилгээний баталгааг өөрийн биеэр гаргаж өгөхийг шаардаж байна” гэлээ.
"ЭМНЭЛЭГТ УГААРЫН УЛМААС 9 ТОМ ХҮН, 3 ХҮҮХЭД ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА"
Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон Нийслэлийн Онцгой байдлын газраас /НОБГ/ өнөөдөр /2019.10.10/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, иргэдэд шахмал түлштэй холбоотой мэдээллийг ил, тод нээлттэй хүргэхийн тулд албаны хүмүүс өдөр бүрийн өглөөний 10.00 цаг, өдрийн 16.00 цагаас мэдээлэл өгөхөөр болсон юм.
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ:
-Өчигдөр өглөөний 06.00 цагаас өнөөдөр өглөөний 06.00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд угаарын хийн дуудлага 17 өрхийн 34 иргэнээс ирсэн. Үүнээс 18 нь том хүн, бусад нь хүүхэд. Хүнд хордлогод орж амь нас эрсэдсэн тохиолдол гараагүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт есөн том хүн, гурван хүүхэд эмчлүүлж байна. Ойрын өдрүүдэд эрс хүйтрэх гэж байна. Гэр хорооллын өрхүүдийн дийлэнх нь ханан пийшинтэй, олон жил хэрэглэснээс зуух хуучирч хагарал үүссэн битүүмжлэл муутай байгаа тул иргэд зуухныхаа битүүмжлэлийг сайн хийх хэрэгтэй.
"ТАВАН ТОЛГОЙ" ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР ДЭЭР НЬ БАЙНГЫН ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА
НМХГ-ын дэд дарга С.ДАВААСҮРЭН: –Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаар зөвлөмж тараах материалыг төвийн зургаан дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр захиргааны байгууллагын алба хаагчид өрх болгоноор орж зөвлөмж өгч ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар зургаан дүүргийн 130699 айл өрхөд мэдээлэл өгч ажилласан. Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар "Таван толгой" түлшний үйлдвэр дээр нь байнгын хяналт тавин ажиллаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ