Чуулганы хуралдаан өндөрлөлөө
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Гадаад албанд хууль бус зүйл хийсэн хүн одоо ажиллаад байгаа юм уу? Төрийн нууцыг хэвлэлийн хурал хийхдээ нууц задалж байна гээд ярьдаг болсон. Ямар нэг байдлаар дүгнэлт гаргаад ирүүлэх боломж бий юу.
ГХ-ны сайд Д.Цогтбаатар:
-ЕвроАзитай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх асуудлыг ярьж байгаа. Бид саналаа өгөөд явж байгаа. Тамхи, аливаа хууль бус үйл ажиллагаанд оролцсон, тогтоогдсон хүмүүсийг би хөөчихөөд гараад явсан. Дараа ирэхэд дахиад ажилдаа орсон байсан. Би дахиад хөөсөн. 69 хүний нэрийн жагсаалт 2009 оных. Бид Польшийн талд хариу тайлбар өгсөн. Харин хариу нь ирээгүй байгаа. Цагдаагийн газрын тогтоогоогүй зүйлийг би тогтоолоо гээд хөөж болохгүй. Энэ 69 нэрс дотор европ руу явж үзээгүй хүн ч байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Белоруссь Улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн. Бид Белоруссьт ЭСЯ-аа нээж байгааг дэмжиж байна. Элчин сайдыг Ерөнхийлөгч томилдог. Тиймээс Засгийн газар томилохгүй яваад байгаа юм шиг ойлголт буруу шүү, гишүүд ээ.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Ажлын цаг дууссан учир өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлж, маргааш Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслөөр санал хураалт явуулахаар болов.
Д.Цогтбаатар: Асуудал надад бус балиартсан улстөрд л байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд их унаж байна. Ийм байхад шинээр Элчин сайдын яам, Консулын газар байгуулах шаардлага бий юу.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-2016 онд Монгол Улс өрөнд баригдсан, модоо барьсан, Элчин сайдын яам ажиллуулах мантай байлаа. Яах аргагүй засгийн бодлого хэмнэлтийн горимд шилжсэн байсан. Манжуурын тухайд гэхэд долоо хоногт таван удаа шууд нислэг явж байна гэдэг нь гурван орны хилийн зааг, хүн амын зорчилт нэмэгдсэн гэсэн үг. Хүн, бизнесийн урсгалаа дагаж нээх нь зөв. Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар дипломатууд гэмт хэрэгт холбогдсон асуудлаар мэдээлэл өгсөн. Тамхи, хар тамхи зэрэг асуудалд холбогдсон хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлсөн. Байнгын хорооноос ирүүлсэн чиглэлийн дагуу бид ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Элчин сайд, Консулын газрын удирдлагуудын томилгооны асуудал юу болж байна вэ. Бараг 10 орчим хувь нь Элчин сайдгүй, Ерөнхий консулгүй байна. Тэгэхээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах асуудлыг Элчин сайд хариуцаж байгаа. Хэрэв томилгооны асуудал дээр хууль эрх зүйн болон тогтолцооны хямралаас болж асуудал үүсээд байгаа бол яамны зүгээс бодлогын санаачлага гаргаж, хууль санаачлах боломж байхгүй юм уу. Мөн Элчин сайдтай холбоотойгоор мэргэжлийн хүн томилуулахгүй, гацааж байгаа асуудлыг ил тод мэдээлээд явах боломж байна уу. Яагаад гэвэл ил, далдгүй Элчин сайдын томилгоо бэлэг болсон гэж ярьж байна шүү дээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:
-Дэлхийгээр дүүрэн Элчин сайдгүй Элчин сайдын яам байгаа юм шиг ярьж байна. Дипломат алба өөрөө залгамж чанартай, дараагийн Элчин сайд томилогдсоны дараа өмнөх нь ажлаа өгдөг. Долоон цэвэр мэргэжлийн дипломат Элчин төлөөлөгчийг томилуулах саналаа өгсөн. Гэтэл би хичнээн их улс төрийн ил далд лобби, шахаан дундуур явсан гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа, батлаад өгөөч. Москвад Элчин сайд байхгүй, бусад газар бол хугацаа нь дууссан ч дараагийн хүнээ томилогдохыг хүлээгээд ажлаа хийж байгаа Элчин сайдууд бий. Асуудал Д.Цогтбаатарт бус Монголын балиартсан улстөрд л байгаа шүү дээ.
Ингээд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Монгол-Германы сургууль санхүүжилт авахыг дэмжив
УИХ-ын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслөөр гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Их сургуулиудыг нүүлгэн шилжүүлнэ гээд байсан. Бодитой ажил болсон юм алга. Төслийг дэмжиж байна. Монгол Улс уул уурхайг түшиглэсэн эдийн засагтай. Уул уурхайг түшиглэсэн боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Хичээлийн байр болох асуудал юу болсон бэ. Энэ сургуулийн менежмент юу болж байна. Захирал нь ямар учраас чөлөөлөгдсөн бэ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Монгол-Германы үйл ажиллагаа тогтвортой явж байгаа. Захирлынх нь ажиллах гэрээний хугацаа нь дууссан юм билээ. Сонгон шалгаруулалт эхэлсэн. Өмнөх захирал нь орох нээлттэй. Ямар нэг хүн халагдаж солигдсон юм байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Монгол Улс ажиллах хүчний том хомсдолд орсон. Үүнийг яаж шийдвэрлэж байна. Ямар бодлого барьж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Монгол-Германы хамтарсан сургуулиас гадна Энэтхэг, Оростой хамтарсан сургууль байгуулах асуудал яригдаж байгаа. МСҮТ-ийн асуудал бол манай яамны харъяа биш, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны асуудал. Одоо Боловсролын тухай хууль ярих гэж байгаа. Энэ хуульд мэргэжлийн коллежийн асуудлыг оруулж ирэх асуудлыг ярьж байна. Ажил мэргэжлийн чиг мэргэжлийн боловсрол олгож байгаа МСҮТ-ийг БСШУЯ-ны харъяанд байх уу гэдгийг ойрын хугацаанд шийдэх байх.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Маш олон монгол залуучууд Герман улсын боловсролын стандартаар мэргэжил эзэмших боломжтой болсон. Энэ сургуульд элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ сургуулийн хотхон байгуулах асуудлыг дэмжих ёстой. Тиймээс энэ зээлийн хөтөлбөрийг дэмжиж байна. Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нартай сургуулийн удирдлагууд уулзаад, иж бүрэн оюутны хотхон байгуулах газраа баталгаажуулах санаачлагатай ажиллаасай гэж бодож байна. Ингээд уг хуулийн төслийг 28 гишүүний дэмжлэгтэйгээр уг хуулийн төсөл батлагдлаа.
Үүний дараа Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд чуулганы хуралдаанд орсон олонхын дэмжлэгтэйгээр уг хуулиуд батлагдлаа.
Чуулганы хуралдаанаар мөн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 78,6 хувийн саналаар уг хуулиуд батлагдлаа.
Ц.Мөнх-Оргил: Ерөнхий сайдад бүх тендерийг хариуцуулах нь зөв үү?
Засгийн газрын зарим агентлагийг татан буулгах, зарим чиг үүргийг зохицуулах шаардлага бий болсон. Орон нутагт хийж буй ажлыг түргэвчлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бүтээн байгуулалтыг хугацаанд нь хийж гүйцэтгэх шаардлага гарч ирж байгаа учраас Төрийн худалдан авах ажиллагааны бие даасан газрыг байгуулах Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Чуулган: Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх хууль хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар УИХ мэдээлэл сонсох, цаг мэдээлэл авах асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж өгөх саналыг хэлж байлаа. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчихгүйгээр мэдээлэл сонсох ямар боломж байгааг судлахыг” үүрэг болгосон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа.
Ингээд чуулганы хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.
Ингээд санал хураасны дараа хоёрдугаар хэлэлцүүлэгт буцаав.
Чуулган: Байнгын хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулган өнөөдөр /2019.10.10/ хуваарийн дагуу хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
2.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
4.Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
5.Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтын соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6.“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн/;
7.Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн/;
8.Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн/;
9.Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
11.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
12.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
14.Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
15.Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;
16.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан бололвсруулсан/;
17.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/.
Б.БАТ
Холбоотой мэдээ