Бидний ирээдүй болсон балчирханы нэгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Бидний ирээдүй болсон балчирханы нэгэн өглөө

Бидний ирээдүй болсон балчирханы нэгэн өглөө

Налгар намрын нэгэн нартай өглөө “Зайсан-3,4 дүгээр хороолол” гэсэн автобусанд арван тав орчим настай, жижгэвтэр биетэй, нүдэнд дулаахан хөөрхөн хүү зогсож байв. Том хөх цүнхтэй, гартаа “Өглөөний гайхамшиг” гэсэн ном барьсан байна. 06 цаг 50 минут болж байна хичээлдээ явж байгаа юм байхдаа одооны хүүхдүүд ёстой мундаг шүү гэж бодох зуур нэг эгчийг түлхэн холдоочээ буух гээд байна гээд ширүүхэн хэлээд автобус зогсон хаалгаа нээхэд буух нь тэр.

Магадгүй аав, ээж, асран хамгаалагч нь сургуульд нь хүргэж өгөх гэж байгаад больсон болохоор ууртай байгаа юм болов уу, эсвэл дутуу нойртой хоносон юм болов уу гэсэн бодол зурсхийхэд өнөө эгч “Жолоочоо жолоочоо утас түрийвч хоёроо алдчихлаа, хурдан зогсоорой, өө ёстой нэг ямар сонин өглөө вэ? Саяны жоохон хүү авчихсан юм байхдаа, яаж хүмүүжсэн хүүхэд вэ” гэсээр үглэн үглэн буулаа. Автобусан дотор явж байсан хүмүүс одооны хүүхдүүд ямар ч хүн чанаргүй болцгоосон, ямар ч хүмүүжилгүй болцгоосон, яахаараа ийм балиар байдаг байна, гар хуруу нь татаасай гэх үгсийг хайр найргүй хэлж байлаа.

Харамсалтай нь үнэхээр тэр хүүхэд аваад буучихсан байлаа. Энэ бол миний харсан жижигхэн боловч асар том зүйл юм. Бидний хүүхэд, бидний дүү нар, бидний ирээдүй ямар хүн болж, яаж төлөвшиж байгааг бид анзаарахгүй л байна.

Халаасны хулгай хэрээс хэтэрсэн ч цагдаагийн байгууллага авч болох бүх арга хэмжээг авч байгаа. Нийтийн тээврийн байгууллагуудтай хамтран бүх автобус камержсан, мөн бүх автобусны буудал хяналтын царай таньдаг камертай болсон байна.

Дэвшилтэт техник, технологи, уран чадварт цагдаагийн алба хаагчийн ачаар зарим хохирогч өөрийн эд зүйлсээ эргүүлэн авч байхыг харахад мөрдэстэй залуучуудаараа дэндүү их бахархмаар. Тэд иргэдээ амар, тайван байлгахын тулд хэцүүгээс цуцалгүй, хүндээс шантраагүй.

Нэгэн жишээ дурдахад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн хэрэгсэлд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 18-24 насны бүлэг дөрвөн этгээдийг баривчилсан байна. Дээрх этгээдүүдээс 50 орчим гар утас хураан авсан нь 50 гаруй иргэн сэтгэлдээ гомдолтой үлдсэний илрэл буй заа.

Цагдаагийн байгууллага иргэдийнхээ төлөө ингэж тэмцэж, урьдчилан сэргийлж байна. Үүнтэй адил бид ч бас тээврийн хэрэгсэл болон олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсдээ сонор сэрэмжтэй хандаж халаасны хулгайчид боломж олгохгүй байхыг анхааруулж байсан.

Урт гартнууд цөөрөг ээ. Барьж явсан ном шигээ “Өглөөний гайхамшиг” байлаа хөөрхөн дүү минь. Одоо тэр хүү нэг цагдаагийн үүдэнд уйлаад сууж байгаад эргэлзэхгүй байна.

Бидний ирээдүй болсон таны хүүхэд хаана байна вэ…?

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж