Дэлхийн удирдагчдыг загнасан охин

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн удирдагчдыг загнасан охин

Дэлхийн удирдагчдыг загнасан охин

НҮБ-ын индрээс дэлхийн удирдагчдыг загнасан Грэта Тунбэрг охиныг “NEWS” агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа танилцуулж байна. Тэрбээр өнгөрсөн сард Нью-Йорк хотноо болсон уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын хуралд үг хэлсэн ба дэлхийн 60 гаруй орны удирдагчид цугласан байв.


БЛИЦ

НЭР: Грэта Тунбэрг

НАС: 16 (2003 оны нэгдүгээр сарын 3)

ТӨРСӨН: Шведийн Стокгольм хот

ГЭР БҮЛ: эцэг эх, дүү охиныхоо хамт амьдардаг.

Шведийн дунд сургуулийн жирийн сурагч Грэта Тунбэрг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тэмцлийнхээ ачаар дэлхийд танигдсан нөлөөлөгч болжээ. Грэта уур амьсгалын өөрчлөлтийн талаарх анх найман настайдаа сонсч байсан бөгөөд тухайн үед “Үүнийг зогсоохын тулд яагаад хэн ч, юу ч хийхгүй байгаад гайхсан” хэмээн ярьжээ. Түүний тэмцэл 15 настайдаа хичээлээ хаяж, парламентын ордны гадна суулт зарласнаар эхэлсэн аж.

Тэрбээр Швед улсыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээний дагуу нүүрсхүчлийн хийн ялгарлаа бууруулах арга хэмжээ авах хүртэл суултаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Удалгүй түүний тэмцэлд ангийнхан нь болон сургуулийн бусад сурагчид нэгдэн, эсэргүүцлийн жагсаалаа “Ирээдүйн төлөөх Баасан гаригууд” хэмээн нэрлэжээ. Түүнийг 2018 онд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийг хэлэлцэх хуралд оролцон үг хэлсний хичээл хаялт дэлхий даяар олон оронд долоо хоног бүр зохион байгуулагдах болжээ. 2018 оны сүүл гэхэд Грэтагийн эхлүүлсэн хичээл хаях хөдөлгөөн дэлхийн 270 хотод зохион байгуулагдаж, 20 мянган сурагч оролцжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлэхдээ “Манай үеийнхэн уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой сорилтод дорвитой хариу үзүүлж чадаагүй. Үүнийг залуу үе хурцаар мэдэрчээ. Тэдний уурлах нь зөв. Дэлхийг аварч чадах эсэх нь залуусаас шалтгаална” хэмээн мэдэгджээ.

Грэта энэ оны тавдугаар сарын “Time” сэтгүүлийн нүүрийг чимсэн ба түүнийг “Дараагийн үеийнхний удирдагч” хэмээн нэрлэжээ. Грэтагийн эхлүүлсэн хичээл хаях хөдөлгөөний тухай “Дэлхийг дахин агуу болгоё” нэртэй 30 минутын баримтат нэвтрүүлэг хийсэн байдаг. Зарим хэвлэлүүдэд түүний үйл ажлыг “Гэрта Тунбэргийн нөлөөлөл” хэмээн нэрлэж байв. Тэрбээр олон төрлийн шагнал, сайшаал хүртсэний дунд Шотландын Газарзүйн судалгааны нийгэмлэгийн тэтгэлэг багтаж байна. “Time” сэтгүүл түүнийг 2019 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн. Үүгээр ч зогсохгүй Шведийн парламентын гишүүд түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.

ХУВИЙН АМЬДРАЛ

Грэта нь 2003 онд дуурийн дуучин Малена Эрнмэн болон жүжигчин Свантэ Тунбэрг нарын том охин болж мэндэлжээ. Түүний өвөө нь алдартай жүжигчин, найруулагч Олоф Тунбэрг аж. Грэта охин дүүтэй.

Грэта 11 настайдаа сэтгэл гутралд орж, ярьж, хоол идэхээ больсон байна. Удалгүй тэрбээр Аспергэрийн хам шинж гэх өвчнөөр оношлогджээ. Австрийн эмч, сэтгэл судлаач Ханс Аспергэрийн тайлбарласнаар нийгэмд дасан зохицох асуудалтай, нийгмийн бүтээмжид таарахгүй байгаа хүүхдүүдийг Asperger-ийн үйл ажиллагааны алдагдалтай гэж нэрлэдэг аж. Харин тэрбээр өөрийн өвчнийг хүлээн зөвшөөрч “надад өгсөн супер хүч” хэмээн нэрлэх болжээ.

Грэта өөрийн хичээл хаялт, эсэргүүцлийн суултын тухай “Instagram”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээндээ оруулснаар хурдан хугацаанд олны анхаарлыг татжээ. Түүнчлэн Шведийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг цахим сүлжээний чөлөөт гэрэлт зурагчин Грэтагийн зургийг авч, нийтэлснээр түүний тухай илүү олон хүн мэдэх болсон аж.

Грэта дэлхийд нөлөөлөөд зогсохгүй эцэг, эхдээ ч нөлөөлж, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй эко гэр бүл болохоор шийджээ. Тухайлбал, тэд мах идэхгүй байх, эцэг, эх нь гадаад руу аялах, тоглолтоор явахдаа нисэх онгоцоор нисэхгүй байх гэх мэт хэвшлийг өдөр тутмын амьдралдаа мөрдөх болжээ.

ШҮҮМЖЛЭЛ БА СӨРӨГ ХАНДЛАГА

Грэтаг бүгд дэмжсэнгүй. Түүний гэнэтийн алдар нэр нь Грэтаг лидер болгохын зэрэгцээ бай болгожээ. Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, “OPEC” болон зарим хэвлэлүүд түүнийг сайшаадаггүй. Энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Грэта бол чин сэтгэлтэй, сайн охин. Гэхдээ бусдын нөлөөнд автаж, ямар эрх ашигт үйлчилж байгаагаа мэдэхгүй байна” хэмээжээ. Энэ аравдугаар сарын эхээр газрын тос олборлогч орнуудын (OPEC) байгууллага нь “Грэта болон уур амьсгалын өөрчлөлийн эсрэг залуу тэмцэгчдийг түүхий түлшний аж үйлдвэрийн хамгийн том заналхийлэл” гэж нэрлэсэн байна. Үүний хариуд Грэта “Баярлалаа, энэ бол одоог хүртэл бидний сонссон хамгийн том магтаал байлаа” хэмээн Твиттэрт жиргэжээ.

Үүний зэрэгцээ Ингмар Рэнтзог гэгч этгээд Грэтагийн нэрийг барин бусдаас олон сая ам.долларын хандив босгосон нь илэрчээ. Тэрбээр өөрийн компанидаа Грэтаг цалингүй залуу зөвлөхөөр ажиллахыг санал болгосон байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж