Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Угаартсан иргэдийн бие сайжирч, айл бүрт утаа мэдрэгч тараана

Улаанбаатарт шөнөдөө хасах хэм болтлоо хүйтэрч ажмаагүй байхад иргэд шахмал түшний угаарын хийнд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайлбал, аравдугаар сарын 2-ны өдрийн 9.00 цагаас өнөөдрийн 6.00 цаг хүртэлх хугацаанд нийт 60 өрхийн 135 хүн угаарын хийнд хордож, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 60 нь том хүн, 55 нь хүүхэд байна.

Энэ хугацаанд Нийслэлийн түргэн тусламж 54 өрхийн 122 хүнд тусламж үзүүлсэн байна. Мөн ЭХЭМҮТ 38 хүүхдийг эмчилгээнд хамруулж, 17 хүүхдэд зөвлөгөө өгчээ. Одоогоор эмнэлэгт гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн нэгнийхэн биеийн байдал нь хүнд, хоёр нь хүндэвтэр байна.

Хордсон насанд хүрэгчдийн 60 хувь нь хордлогын төвд эмчлүүлж, 20 хүн гэрээр зөвлөгөө өгчээ. Хордлогын төвд яг одоо долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний нэгний биеийн байдал маш хүнд, таван хүний биеийн байдал хүндэвтэр нэг хүн байна. Аравдугаар сарын 8-ны 21.00 цагаас 9-ны 6.00 цаг хүртэл түргэний эмч нар дөрвөн өрхийн 10 хүнд эмчилгээ тусламж үзүүлсэн гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Мөн Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаар зөвлөмж тараах материалыг төвийн зургаан дүүрэгт нийслэлийн дүүргүүдийн төр  захиргааны байгууллагын алба хаагчид өрх болгоноор орж зөвлөмж өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 15715 өрхөөр орж галлагааны зөвлөгөө өгснийг тодотгов.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өчигдөр /2019.10.09/ “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас угаарын хийн хордлогод өртсөн өрхүүдийн хэрэглэж байсан шахмал түлшнээс дээж аван шинжлэхэд ямар нэгэн стандарт зөрчигдсөн зүйл гараагүй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлийн болон дүүрэг, хороодын төрийн албан хаагчид 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, иргэдэд сайжруулсан шахмал түлшнийн галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг гэрт нь хүргэж ажиллаж байгааг хэлэв.

Мэргэжлийн байгууллагуудаас иргэд, олон нийтэд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан өөрсдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд сайжруулсан шахмал түлшний галлагааны горимыг баримталж, зуух, яндангийн аюулгүй байдлыг шалгахыг онцгойлон анхаарууллаа.

ИРЭХ САРЫН 1-ЭЭС ӨМНӨ АЙЛ ӨРХҮҮДЭД УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ БАГА ОВРЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛНА

Ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав. Хотын захиргаа хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх юм. Шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм байна.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцууллаа. Бид сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх хэрэгтэй. Утаанаас болж жилдээ хэдэн мянгаараа хүн хордож, урагт хүртэл нөлөө үзүүлж байгаа. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааг бууруулахад чиглэсэн ажлаа хот хийх ёстой. Гэхдээ хяналтаа маш сайн тавьж, иргэдээ эрсдүүлэхгүй байх нь бидний үүрэг.  Тиймээс угаар мэдрэгч төхөөрөмжийг айл өрхүүдэд тарааж өгөх асуудлыг Засгийн газарт орж танилцуулаад, шийдвэрлүүллээ.  Арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө айл өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөхөөр боллоо.

Гэр хорооллын 200 гаруй мянган айл өрх байгаа.  Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлууд ч бий. Тиймээс нарийвчилсан судалгаа хийж, бодит тоо гаргана. Дараа нь хаанаас, ямар төхөөрөмж оруулж ирэх боломжтойг мэргэжлийн байгууллагууд судална. Аль төхөөрөмж нь илүү байхыг судалж үзнэ гэсэн үг. Хөрөнгийн эх үүсвэрийг нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос гаргана. Нэг удаа үнэгүй суурилуулж өгье гэж байгаа юм.  Барилга, байшинд утаа мэдрэгч төхөөрөмж байдаг. Харин айлуудад байдаггүй. Тиймээс айлууд утаа мэдрэгч дохиолол хэрэглэж, аюулгүй байдлаа хангаж сурах хэрэгтэй.  Бид ч гэсэн талаар анхаарах ёстой.  Хэзээ, хэн эрсдэх бол гэж хүлээгээд сууж болохгүй шүү дээ.  Өнөөдрийн байдлаар 200 мянган айлын 49 хувьд нь заавар, зөвлөгөө өгөөд явж байна” гэсэн юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж