"Бид Олимпоос медаль авах чин зорилготой"

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

"Бид Олимпоос медаль авах чин зорилготой"

"Бид Олимпоос медаль авах чин зорилготой"

Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний эрэгтэй баг болох "Улаанбаатар ММС Энержи" баг амжилт арвинтайгаар өчигдөр /2019.10.09/ эх орондоо ирлээ. Тэд БНСУ-ын Чежү хотод энэ сарын 5-6-нд зохиогдсон Жэжүгийн Дэлхийн гран прид 13:10 харьцаатай Словенийн "Пиран" багийг хожиж аварга болсон юм.

Тэдний тоглолтоос товчхон дурдахад АНУ-ын "Нью-Йорк Харлем", БНСУ-ын "Инжэ" багтай нэг хэсэгт орсон ч АНУ-ын "Нью-Йорк Харлем" багт хожигдож, "Инжэ" багийг хожиж хэсгээсээ хоёроор гарч,  хасагдах шатанд дэлхийд эрэмбээрээ тэргүүлдэг Сербийн "Земун" багийг 17:16 харьцаатайгаар ялж, шөвгийн дөрөвт ОХУ-ын "Нева" багийг хожиж аваргын төлөө шалгарсан юм. Ингээд аваргын төлөө 13:10 харьцаатай Словенийн "Пиран" багийг хожсоноор тэд бас нэг шинэ түүх бүтээлээ. Энэ тэмцээнд түрүүлснээр манай баг Саудын Арабын их дуулгад оролцох эрхээ бататгасан гэсэн үг.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм.  Сагсан бөмбөг сонирхогчид төдийгүй монголчууд 3х3 сагсан бөмбөгийн багийг ирэх “Токио-2020” олимпод амжилттай оролцож, медалын эзэн болно гэсэн итгэл дүүрэн байгаа, тэд ч амжилтаа ахиулсаар.

Олимпод оролцохын тулд аль болох олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, амжилт гарган оноо авах нь чухал бөгөөд гаргасан амжилт, оноогоор нь дүгнэж олимпийн эрх олгодог. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар ММС Энержи" баг дэлхийн топ дөрөвт багтсан бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл энэ оноогоо хадгалж чадвал олимпод оролцох эрхтэй болно.

ТЭМЦЭЭН БҮРТЭЭ АМЖИЛТ ГАРГАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ

Багийн ахлагч, Жэжүгийн Дэлхийн гран пригийн  хамгийн үнэ цэнэтэй тоглогч буюу MVP,  Д.ДЭЛГЭРНЯМ:

-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос дэлхийн улс орнуудад дэлхийн гран пригийн  тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 28 дахь удаагаа БНСУ-д   зохион байгуулагдлаа. Сербийн "Земун" багт  өмнө нь хоёр хожигдож байсан. Хожигдсон тоглолтуудаа үзэж маш их анализ хийж зөв тактик боловсруулсны үр дүнд ялж чадлаа.

Энэхүү тэмцээн нь манай багийн хувьд дэлхийн гран прид оролцсон арав дахь тэмцээн болж байна. Бид 2017 оноос хойш хүсч мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлж  дэлхийн гранпригийн аварга авч чадсан. Мэдээж хэрэг олимпод оролцох эрхээ авчихвал медаль хүртэхийн төлөө хичээх болно. 3х3 үндэсний шигшээ баг маань олимпоос медаль авах чин зорилготой учраас л оролцсон тэмцээн бүртээ амжилт гаргахын төлөө зүтгэдэг гэв.

МАНАЙ ГУРВАН ТАМИРЧИН САЙН ТОГЛОСНЫ ХҮЧИНД СЕРБИЙН "ЗЕМУН"  БАГИЙГ ХОЖСОН

Багийн тамирчин Г.ЦЭНГҮҮНБАЯР:

Шагайны бэртлийн улмаас өнгөрсөн удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өнжсөн. Тэгвэл энэ удаа   Жэжүгийн Дэлхийн гран прид оролцож талбайдаа буцаж ирсэн юм. Тэрбээр  “Дөрвөн сарын дараа талбайд гарах сайхан байлаа. Эхний тоглолтоо АНУ-ын "Нью-Йорк Харлем багтай тоглосон ч  тааруухан тоглосон.

Дараагийн тоглолтоо БНСУ-ын "Инжэ" багийг хожиж хэсгээсээ гарах болзлоо хангасан. Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сербийн "Земун"  багтай хийсэн тоглолт байсан. Миний бэртэл бүрэн эдгэрээгүй учраас талбайд тоглохдоо эсрэг багийн хүнээ сайн хамгаалж чадахгүй байх зэрэг дутагдал гаргасан ч манай гурван тамирчин сайн тоглосны хүчинд Сербийн "Земун"  багийг  нэг оноогоор илүү хожсон  хэмээн онцоллоо.

БИД УДАХГҮЙ  САУДЫН АРАБАД БОЛОХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Харин багийн хамгаалалтын ноён нуруу болох  Э.ЦЭРЭНБААТАР:

– “3×3” төрөл youtube болон вэб сайтуудаар маш их цацагддаг. Тэр ч утгаараа бидний хувьд аль ч багтай тоглох болсон судалгаа хийн өмнөх тоглолтуудыг бичлэг болон тухайн өдрийн бичлэгийг шууд л интернэт ороод үзэх боломжтой. Өрсөлдөгч баг ямар тактик хийж байна, хамгаалах тоглогч хэр гэдгийг бичлэгээс харж байнга л судалгаа хийн тоглолтод ордог. Бид удахгүй  Саудын Арабад болох тэмцээнд оролцоно” гэлээ. 

 

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ТЭСВЭР, ТЭВЧЭЭР

 

Сербийн “Земун” багийн эсрэг хожлын довтолгоо хийсэн Э.ДӨЛГӨӨН:

– “ 3×3” төрөл нь долоо хоног бүр өөр тийшээ явдгаараа бусад спортын төрлөөс давуу талтай. Тамирчин хүнээс бүхий л зүйлсийг шаарддаг.  Тухайлбал, зөв шийдвэр гаргах ёстой, хурдан бодох, аливаа зүйлд хурдан дасах ёстой гэхчлэн. Хамгийн чухал нь тэсвэр, тэвчээртэй байх ёстой. Жэжүгийн Дэлхийн гран пригийн хувьд маш өрсөлдөөнтэй тоглолтууд болж өнгөрлөө. Энэ жил Сербийн "Земун" баг хоёр хожигдолтой байсан. Сүүлийн тэмцээнүүдэд өмнө нь хожигдож байсан багуудаа хожихын сацуу Азийн багуудаас анхны аварга баг болсондоо баярлаж байна.

ТАМИРЧИД МААНЬ ХОЖИЖ ЧАДНА  ГЭСЭН ИТГЭЛ ДҮҮРЭН БАЙСАН

Багийн эзэн Г.Батцэнгэл хэлэхдээ  “Тоглолтууд их өрсөлдөөнтэй болсон. Манай багийн хувьд хамгийн хүнд тоглолт нь Сербийн "Земун"  багтай хийсэн тоглолт байсан. Айлын баг 8:2 оноогоор хол тасарсан байсан. Гэхдээ манай залуучууд сайн тоглосны хүчинд оноогоо нөхөж  авч чадсан. Тоглолтын төгсгөлийг үнэхээр гайхамшигтай хийсэн. Сүүлийн дөрвөн оноог манайх авсан. Тэр дундаа тоглолт дуусахад ердөө тавхан  секунд үлдсэн байхад Э.Дөлгөөн гоол оруулсан.  Финалын тоглолт Словенийн "Пиран" багтай тоглосон. “Пиран” баг дэлхийд тавдугаарт бичигддэг хүчтэй баг. Монголчууд цол дагаж бяр гэдэг шиг тамирчид маань хожиж чадна  гэсэн итгэлээр дүүрэн байсан” гэдгийг онцолж байлаа. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж