Улаанбаатар хотод түүх соёлын дурсгалт цөөхөн барилга байдгийн нэг нь “Хэлмэгсдийн музей”. Өндөр шилэн барилгууд дунд орших хоёр давхар улаан хүрэн дүнзэн байшинд Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан түүхтэй. Шилэн барилгууд дунд торойж, тэсч байсан энэхүү байшин навсайж гандсан ч соёлын өвийн түүхэн дурсгал болж үнэ цэнээ хадгалсаар байсан юм. Гэвч эл байшинг саяхнаас буулгаж, суурин дээр нь моодноос гарсан 22 давхар бүхий шилэн барилга барихаар болов. Тус барилгыг “Гэндэн Тауэр” гэж нэрлэх аж. Харин уг шилэн барилгын нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж үзмэр болгохоор шийдээд байна. Энэ талаар Ерөнхий сайд П.Гэндэнгийн ач, хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.Бэхбаттай ярилцлаа.
-Хэлмэгдэгсдийн музейд таны өвөө Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсныг олон хүн мэднэ. Эл музейг таны ээж санаачилсан нь ч бас улс төрийн хэлмэгдүүлэлттэй салшгүй холбоотой болов уу?
– Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар ярихаасаа өмнө өвөөгийнхөө амьдарч байсан байшингийн түүхээс товч ярья л даа. Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан түүхтэй. Хоёр давхар бүхий байшинг өвөөгийн гэрт зориулж 1928 оны үед Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан юм. Дараа нь 1936 онд өвөөг албан тушаалаас нь чөлөөлж эмчилгээнд явуулж, амраах нэрийдлээр ОХУ руу явуулсан. Хар далай дээр амар байх үед нь 1937 онд өвөө маань баривчлагдах үедээ эмээд хурдан нутаг буцахыг захисан ч бичиг баримтгүй үлдсэн. Гэхдээ монгол оюутнуудын тусламжтай гурван сар орчим явж байж эх орондоо ирэхэд байшинг хураасан байсан. Өвөөг баривчилснаас хойш огт сураг гараагүй. Хожим нь хэлмэгдэгсдийг цагаатгах үеэр ОХУ-руу өвөөгийн талаар сураг тавьж захидал илгээхэд 1989 онд тус улсын прокурорын газраас өвөөд маань 1937 онд Японы тагнуул, ЗХУ-ын дайсан хэмээх ял тулгаж арваннэгдүгээр сарын 26-нд цаазалсныг мэдсэн.
-ОХУ-ын архивт таны өвөө Ерөнхий сайд П.Гэндэнтэй холбоотой ямар бичиг баримтууд байдаг вэ. Архивын материалтай танилцаж байсан уу. ?
-Ардчилал гарсны дараа өвөөгийнхөө тухай судлах, баримт материал олохоор бид гэр бүлээрээ ОХУ-ын Москва хотыг зорьсон. Тус улсын цагаатгалын ажлыг зохион байгуулдаг олон нийтийн байгууллагатай уулзаж, ОХУ-ын архив руу орж байцаалтын хавтас хэргүүдээс өвөөтэй холбогдох материалыг олж харахад өвөө маань өөрийгөө гэр бүлгүй, малчин гаралтай гэдгээ мэдүүлсэн байсан. Байцаалтын хавтаснуудыг харахад өвөөгөөс Японы тагнуул уу? гэж асуусан асуултад нь Мөн гэж хариулсан байна билээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гарын үсэг нь их чичирсэн байдалтай бичигдсэн байсан.
-Хураагдсан байшинг хэзээнээс эргүүлэн авсан бэ?
-1992 онд Монгол Улсын анхны Засгийн газар гарах үед бидэнд эргүүлэн байшинг маань өгсөн юм. Түүнээс өмнө эмээ ээж хоёрыг монголдоо ирэхэд байшинг нь хураан авсан байсан учраас орон гэргүй болж айлын хашаанд амьдарч, эмээ маань цэвэрлэгч хийж амьдралаа залгуулсан.
-Эмээ, өвөөгийн тань амьдарч байсан байшинг таны ээж музей болгох шийдвэр гаргасан шүү дээ. Олон жил хүмүүсийн сэтгэлд хадгалагдаж үлдсэн анхны хийц төрхөөр нь буулгахгүйгээр хадгалж үлдээж болдоггүй юм уу?
-Өвөөгийн амьдарч байсан байшинг музей болгох шийдвэрийг ээж маань санаачилж 1994 оны есдүгээр сарын 10-нд Хэлмэгдэгсдийн музей нэртэйгээр нээж байлаа. Байшин 90 гаруй жилийн насжилттай, 30 орчим жил нь шавартай байсан учраас модыг нь муутгасан. Одоо байшинг харахад суулт өгсөн, дүнз палкаар барьсан. Байшин дотор олон байгууллага үйл ажиллагаа явуулж байсан учраас доторх зохион байгуулалтыг нь олон удаа өөрчилсөн. Та бүхэн анхны хийц төрх нь ямар байсныг мэдэх юм уу. Хамгийн сүүлд 1960 оны дундуур гаднах талыг нь шавардаж, цонх нь хуучнаасаа өөрчлөгдсөн шүү дээ. Байшингийн дотоод зохион байгуулалт анхны төрх байдлаасаа их өөр болсон. Олон удаа өөрчлөгдсөн. Гаднах цонх нь бас анхны хийцээ алдсан байдаг.
-Дэлхийн улс орнуудад 100-аас илүү жилийн насжилттай барилгууд тухайн цаг үеийн өнгө төрхөө авч үлдсээр өнөөдрийг хүрсэн. Энэ нь урсгал сэргээн засварлалттай холбоотой байх. Харин манай улсад ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтээр л буулгах тухай ярьдаг. Хэлмэгдэгсдийн музейг 1993 оноос хойш хэчнээн удаан сэргээн засварласан бэ. Буулгахгүйгээр сэргээн засварлалт хийж болоогүй юм уу?
-Гаднын жишгээр яривал зарим модон барилгууд нь 100-200 жилийн насжилттай байдаг. Өнөөдрийг хүртэл тухайн цаг үеийн түүхээ харуулж үлдэж чадаж байна вэ гэвэл анхнаас нь л сэргээн засварлалтыг нь хийж, тухай бүрт нь арчилж ирсэнтэй салшгүй холбоотой. Хорхой шавжаас хамгаалах, модыг илжрүүлэхгүй байх зэрэг арга техник олон байна. Гэтэл манай өвөөгийн байшинг 1930 оны үед барьсан. Манайд тийм ч олон түүхэн модон байшин барилга байхгүй учраас хадгалж сэргээн засварлах ч туршлага байхгүй. Яах вэ дээ жил бүр өөрийн хөрөнгөөр жил бүр урсгал сэргээн засварлалтыг хийдэг байсан ч засвар авахааргүй болсон. Дээврээсээ мод нь илжирч нурж эхэлсэн. Ийм байдлаар сүүлийн хоёр жил хагасын хугацаанд тэссэн. Яагаад музейг хааж зогсоосон гэвэл хүүхдүүд музейг үзэж байхад нурвал яах юм бэ. Хамгийн гол нь музей хүний эрүүл мэнд амь насанд аюулгүй л байх ёстой. Үүнээс л болгоомжилж хаасан, буулгасан. Гэхдээ бид өвөөгийнхөө байшинг нураагаагүй. Түр буулгаж суурин дээр нь баригдах шилэн барилгын нэг давхарт музей байдлаар нь байрлуулахаар болсноороо олон улсын чиг хандлагыг дагаж байна. Ер нь би дураараа өөрчлөх шийдвэр гаргаагүй. Эцэг эхийн маань олон жил хүсч байсан мөрөөдөл нь биелэх гэж байна гэж харж байгаа.
-Хэдийгээр шилэн барилгын нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулсан ч анхны төрх байдлаа хадгалж үлдэх боломжгүй юм биш үү. Тухайн цаг үеийн өнгө төрхөө хадгалж үлдсэн энэ модон байшинг шилэн хоргонд үзмэр болгож үлдээсэн ч тэр үеийн түүхээ яг одоогийнх шиг өгүүлж чадахгүй байх?
– Үндсэн төрх байдлаа авч үлдэж чадна, түүхээ ч харуулна шүү дээ. Музейг шинэчлэх нь манай гэр бүлийн асуудал. Ерөнхийдөө музей, үзмэрүүд хаана ч байж болох шүү дээ. Өмнө нь байсан үзмэрүүдээ баяжуулж музейн сан хөмрөгийг нэмэгдүүлнэ. Нөгөө талаас, өөр хүмүүс музей байгуулах эрх нь нээлттэй. Жишээ нь , Хэлмэгдэгсдийн музейг манай ээж байгуулсан.
-Хэлмэгдэгсдийн музейг шинэчлэх болсон өөр шалтгаан бий юу?
– Та бүхэн мэдэж байгаа байх. Хэлмэгдэгсдийн музейг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй үзэж, үйлчлүүлдэг. Манай музей орлогогүй гэж хэлж болно. Хүүхдүүдээс өөр хүн музей үзэх гэж ирдэггүй. Зарим оюутнууд гэрийн даалгавраа хийх зорилгоор хааяа ирж үйлчлүүлдэг байсан. Цаашид музейг үнэ төлбөргүй болгоно. Барилгын суурин дээр шилэн барилга барьж нэг давхарт нь байшинг байрлуулснаар үр хойч үед сургамж болж үлдэнэ. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэн зохион байгуулна, хурал цуглаан хийх талбайтай, үзмэрүүдийн заал нэмэгдэх боломж бүрдэнэ. Орчин үеийн аудио видео төхөөрөмжөөр тоноглосон музей болно.
–Байшинг буулгачихлаа, үзмэрүүд нь хаана байгаа вэ?
-Музейн үзмэрүүдийг Монголын түүхийн музейн подвалд лацдаж хадгалсан байгаа. Моднуудыг нь ч бас дугаарлаж хадгалсан. Шинэ барилга ашиглалтад орсны дараа модоор нь байшинг барьж хуучин төрхийг нь хадгалж үлдээнэ.
– Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас байшингийн газар таны мэдэлд байгааг мэдэгдсэн. Байшингийн суурин дээр оффисын зориулалттай байр барихаар болсон нь таныг газраа зарсан юм биш биз гэж олон хүн хардаж байна. Газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Би газраа зараагүй. Зарах ч үгүй. Миний хувьд хэд хэдэн компаниудтай хамтарч байшингийн суурин дээр шинэ барилга барьж байгаа. Тэр барилгыг “Гэндэн Таур” гэж нэрлэнэ.
-Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгыг барих вэ?
-Би энэ ажлыг өөрийн биеэр зохион байгуулж компаниудтай хамтран ажиллаж байгаа. Гүйцэтгэлийг нь хэлэхэд эрт байна.
Холбоотой мэдээ