Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнгөрсөн жил хичээлийн гуравдугаар улирал эхлэх үед сурах бичиггүй байсан бол өнөө жил сурагчид сурах бичиггүй суралцсаар намрын улирал шувтарч байна. Түрээсийн сурах бичгийг хүлээсээр сурагчдын улирлын амралт ч эхлэх болж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ. Сурах бичиг хэвлэгдэж тараагдаагүйгээс сурагчид гэрийн даалгавраа хийхэд олон бэрхшээл тулгарч байгаа юм. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүд интернэтгүй орчинд олноор амьдардаг нь гэрийн даалгавраа хийж чадахгүйд хүрдэг. Багшид байгаа номыг гэрийн даалгавар өгсөн хуудсыг канондуулж даалгавраа хийх тохиолдол ч олноор гарч байна. Түрээсийн сурах бичиг хэзээ хэвлэгдэхийг энэ удаад дахин сурвалжлахаар бид нийслэлийн Нэгдүгээр сургуулийг зорьсон юм. Сурагчид хичээл дээрээ номтой сурагчийг бараадаж суудаг, бүр болохгүй бол утсаа гаргаж ирээд econtent.edu.mn руу орж хичээлээ хийдэг гэж байна. Энэ байдал нь сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон шийдвэрийг зөрчихөөс өөрцгүй байдалд оруулдаг гэдгийг сурагчид учирласан юм.
МАНАЙ АНГИЙН СУРАГЧДЫН ИХЭНХ НЬ СУРАХ БИЧГЭЭ ХУДАЛДАЖ АВСАН
-Манай ангийн сурагчдын ихэнх нь сурах бичгээ худалдаж авсан. Түрээсийн сурах бичгийг хүлээж байгаа хүүхдүүд бас байгаа. Сурах бичгээ авсан сурагч нь номгүй байгаа сурагчтай цуг суугаад хичээлээ хийдэг. Сурах бичгээ аваагүй байгаа сурагч гэрийн даалгавраа econtent.edu.mn рүү орж хийж байгаа.
10 ОРЧИМ НЬ Л НОМОО ХУДАЛДАЖ АВСАН
-Манай анги 51 сурагчтайгаас 10 орчим нь номоо худалдаж авсан. Хоёр хүүхдийн дунд нэг ном ногддоггүй болохоор ухаалаг утсаар зургийг нь дарж, хичээлээ хийж байгаа. Гэрийн даалгавраа econtent.edu.mn цахим номыг ашиглаж хийж байгаа.
6, 7 АНГИЙН СУРАХ БИЧИГ ИРСЭН
Ингээд тус сургуулийн номын санчаас түрээсийн сурах бичиг хэзээ ирэхийг лавлахад “Түрээсийн сурах бичиг өнөөдрөөс /2019.10.9/ ирж байна. Одоогоор “Соёмбо” үйлдвэрээс зургадугаар ангийн хоёр төрөл, долдугаар ангийн дөрвөн төрлийн ном ирсэн. Ирсэн номыг ангийн багшаас ирүүлсэн тоо, мэдээллийн дагуу маргааш сурагчдад тараана. Ямар, ямар хэвлэлийн үйлдвэрээс хэдэн ширхэг ном ирэх болон бусад зүйлд тайлбар өгөхгүй. Хэвлэлийнхэн манай сургууль руу их дайралт хийж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн юм.
6-7 КОМПАНИ ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧИГ ХЭВЛЭЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард баталсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг гаргасан юм. Ингэснээр бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг журам хэвээр үйлчлэх бол дунд болон ахлах ангийн сурагчдын амьжиргааны төвшинг харгалзан 40 хувьд нь төлбөргүйгээр сурах бичиг ашиглуулж байгаа юм. Харин үлдсэн 60 хувь нь номын дэлгүүрээс сурах бичгээ худалдаж авдаг байсныг өөрчилж сурах бичгийг түрээсээр ашиглуулахаар болсон билээ.
Өмнө нь дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийн сурах бичгээ худалдан авахад 50-60 мянган төгрөг зарцуулдаг байсан бол түрээсийн сурах бичиг ашигласнаар түүнээс 2-3 дахин бага мөнгө зарцуулна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Р.Балжинням өгч байна.
Түүнчлэн түрээсийн сурах бичиг хэвлэх ажилд 6-7 компани оролцсон гэдгийг дурдаад чухам ямар компаниуд оролцсоныг нууцалсан юм.
Энэ жилийн тухайд 6-12 дугаар ангийн сурагчдын 60 хувь нь буюу 181 мянган сурагчид түрээсийн сурах бичиг ашиглуулах тооцоолол бий. Түрээсийн сурах бичгийг Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэвлэж байгаа юм. Түрээсийн 100 орчим нэр төрлийн 2.6 сая ширхэг сурах бичиг хэвлэх юм.
Сурах бичиг оройтож хэвлэлтээс гарсан шалтгааныг албаныхан Азийн хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулж ирсэнтэй холбоотой гэдэг тайлбар хийж буй. Харин өнгөрсөн жил сурах бичиг хэвлэлтээс гарахгүй удсан шалтгаан нь хоёрхон компани сурах бичиг хэвлэх эрх авсан байсан цаг хугацаандаа багтаан ажлаа гүйцэтгэж чадахгүй болж, асуудал үүсгэжээ.
Р.Дулам
Холбоотой мэдээ