Дэлхийн эдийн засгийн чуулганаас жил тутам гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын индекс”-ийг Сингапур тэргүүлэв. АНУ удаалж, гуравдугаарт Хонконг бичигдсэн бол эхний аравд Нидерланд, Швейцарь, Япон, Герман, Швед, Их Британи болон Дани улсууд оржээ.
Монгол Улс 2019 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр өмнөх оноос гурван байр ухарч, 141 улсаас 102 дугаарт жагссан байна. Өрсөлдөх чадварын тайлангаас харахад Монгол Улс 52.6 оноо авсан нь өмнөх оноос 0.1 пунктээр буурсан үзүүлэлт болжээ.
Макро эдийн засгийн тогтвортой байдлаар 120 дугаарт жагсаж, санхүүгийн салбарт жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүжилтийн үзүүлэлт өмнөх оноос буурсан байна. Мөн нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн үзүүлэлт өмнөхөөс мууджээ. Монголын Улсын инновацийн чадамжийн үзүүлэлтүүд ахисан боловч 93 дугаар байрт жагссан байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганы дарга бөгөөд үүсгэн байгуулагч Клаус Шваб өрсөлдөх чадварын индексийг нийтэлсэнтэй холбогдуулан “Эдийн засгийн бодлогодоо дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, эмзэг бүлгийн иргэдийг дэмжих чиглэл баримталдаг улс орнууд "эдийн засгийг өсгөх уламжлалт хүчин зүйлүүдэд дан ганц анхаардаг орнуудаас илүү их амжилтад хүрч байна" гэж цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: WEFORUM
Холбоотой мэдээ