Онцгой анхаарах ФАТФ-ын сануулга

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

Онцгой анхаарах ФАТФ-ын сануулга

Онцгой анхаарах ФАТФ-ын сануулга

Монгол Улс дэлхийн тавцанд хэрхэн харагдаж, ямар үзүүлэлттэй гарахаас шалтгаалж бид цаашид хэрхэх вэ гэдэг хувь заяаг тодорхойлж болно. Сүүлийн жилүүдэд бидний нэр хүнд олон улсын тавцанд үе үе ганхах болсон. Эрх баригчдын зүгээс эдийн засгийн өсөлт өндөр байгаа, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт хангалттай түвшинд сэргээгүй, гадаад хүчин зүйлээс гадна дотоод эрсдэл өндөр байгаа энэ үед мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны хүрээнд ФАТФ-ийн /олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ “Саарал жагсаалт”-д орох томоохон эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тодорхой арга хэмжээ аваагүй хэмээн дахин сануулга ирсэн байна. Олон улсын байгууллагаас жил бүр л биднийг саарал жагсаалтад оруулах, хар жагсаалт руу оруулах асуудал хөндөгдөж, мөнгө угаах гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг сануулсаар ирсэн. Хэдийгээр мөнгө угаах, үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэдэг асуудал бидний нүдэнд ил байдаггүй, бидний "мэдэхгүй" сэдэв боловч бид яг л энэ асуудлаар олон улсын байгууллагын хараанд өртөөд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага (FATF), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын Ажлын хэсгийн хамтарсан уулзалт өнгөрөгч есдүгээр сарын 12-13-нд Тайландын Бангкокт болсон. Манай холбогдох байгууллагууд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлангаа хэлэлцүүлсэн. Харамсалтай нь Монгол Улс нэмэлт зөвлөмжид тусгагдсан шалгуур үзүүлэлтүүдээс 4-т нь зохих үр дүн гаргаж, эргэж тайлагнах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг албан ёсоор манайд ирүүлсэн байна. Улмаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг 2021 оны тавдугаарр сар буюу 18 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгах чиглэл өгчээ. Хэдхэн хоногийн дараа аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Манайх үй олноор хөнөөх дэвсэг дэлгэрүүлж, терроризмыг санхүүжүүлдэг орон мөн үү. Яагаад бид энэ жагсаалтад ороход хүрэв гэсэн асуулт гарна. Хариулт нь тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас ийм байдалд хүрсэн гэсэн дүгнэлт гарч байна" гэдгийг тодотгосон.

ФАТФ-аас бидэнд өгсөн гол анхааруулга бол Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах, Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэлүүдийг сүүлийн хэдэн жил өгч буй.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг банк дампуурч, УИХ-ын гишүүд нь олноороо Засгийн газрын тусгай сангаас бага хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий компанидаа авсан зэрэг асуудал өнөөдөр ч тодорхой бус байгаа нь хар жагсаалт руу хөтлөх эрсдэл болсон юм биш байгаа гэх хардлага нийгэмд ч байна. Хэрэв бид саарал жагсаалтаас хасагдвал төлөвлөж, төсөөлж байсан хөрөнгө оруулалтууд алга болж, эдийн засгийн нөхцөл байдал тунч бүрхэг болж эхэлнэ.  2017 онд манай тайланг ФАТФ-ын хурлаар хэлэлцээд хангалтгүй гэж дүгнэж, зөвлөмж ирүүлсэн. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой ахиц гараагүй бөгөөд бүр нэмэлт дөрвөн ч сануулга, шаардлагыг хүлээж аваад байгаа.  Олон улсын жишигт нэг л нэмэлт шаардлага авбал “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүссэн гэж үздэг аж. Тиймээс үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэсэн сануулгыг УИХ-ын дарга өгчээ.

Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол:

  • Олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах;
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ.

Манай улс ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүн. Тус байгууллагаас манай улсад 2016 онд анхааруулга иржээ. Түүнд "Яаралтай арга хэмжээ авахгүй бол “хар жагсаалт”-д оруулж болзошгүй" хэмээн анхааруулсан байна. Энэ бол харгалзаж үзэхгүй байхын аргагүй ноцтой анхааруулга. Өнөөгийн байдлаар ФАТФ-ын хар жагсаалтад Умард Солонгос, Иран зэрэг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орон багтдаг. Хэрэв ФАТФ Монголыг бусад улс оронтой энэ чиглэлээр хамтарч ажилладаггүй хэмээн үзэж, хар, саарал жагсаалтад оруулбал, манай улсын гадаад төлбөр тооцоо үндсэндээ зогсох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, манай улстай харилцах улс орон байтугай, компани байхгүй болох эрсдэл үүсч болзошгүй гэж албаныхан ч, эдийн засагчид ч тайлбарлаж буй.

Цаашид

  •  “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэрнээ шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн үүрэг даалгаврыг  УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад өгөв. 

Ердөө тав хоногийн дараа буюу аравдугаар сарын 15-нд Парист болох ФАТФ-ын ээлжит хурлаар манай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин бид түүнээс урьтаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, эерэг үзүүлэлт авч чадвал нэмэх оноо авах боломжтой гэдгийг өчигдрийн уулзалтаар ярилцжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж