Анх харахад ихэр ах, дүү Шахризат ба Шахдияр Шавкат нар бол энгийн оюутнууд. Тэд ОХУ-ын зургаа дахь том хот болох Казань хотод өдрийг хөгжим сонсож, спортоор хичээллэж, найз нөхөдтэйгөө уулзах зэргээр үеийн бусад залуус шиг л өнгөрөөдөг. Харин тэдний утасны дэлгэц дээрээ тавьсан зураг нь өөр түүх өгүүлнэ. 23 настай ихэр залуус гар утасныхаа дэлгэц дээр “Уйгарыг чөлөөл” гэх үгтэй зургийг тавьжээ. Тэд бол уйгур үндэстний “цагаачид”.
Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-аас дүрвэгчийн статус авахаар хичээж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Беларусын Минск хот дахь Хятадын Элчин сайдын яамнаас тэднийг уйгур үндэстэн учраас визийг нь сунгах боломжгүй гэсэн хариу өгчээ. Тэднийг Оросын визээ сунгахыг хүсвэл заавал Хятадад эргэж ирэхийг хүсчээ. Харин тэд буцаж очихоос айж байна. Иймд ОХУ-ын шүүхэд дүрвэгчийн статус авахаар хандсан боловч эхний шүүх хурлаас татгалзсан хариу авчээ. Одоо тэд хүний эрхийн байгууллагын ажилтан, өмгөөлөгч Зухра Камроевагийн хамт давж заалдахаар бэлтгэж байгаа аж. Хэдийгээр Татарстан нь ОХУ-ын хоёр дахь том мусульман шашинт бүс нутаг боловч Кремлийн албаныхан уйгур үндэстний асуудалд Хятадын талд зогсож байна.
Шахдиярын хэлснээр дөрвөн уйгур найз нь ОХУ-аас нутаг буцаж, Хятадад очсоныхоо дараа эргэж ирээгүй, утас нь холбогдохгүй, холбоогүй байгаа аж. Тиймээс бид нутаг буцахыг хүсэхгүй байна гэж Шахризат үргэлжлүүлэв. Тэд Хятадын мусульман шашинтан олонх Шинжаан-Уйгурын Өрөмчи хотод төржээ. Тэд уйгур эцэг, татар эхтэй аж. Ээж нь багадаа Шинжаанд очсон тул ОХУ-ын иргэншилгүй гэнэ. Тэд 2015 онд дизайны чиглэлээр суралцахаар Казань хотын Холбооны их сургуульд элссэн аж. Тэд ээжийнхээ гарал үүслийн дагуу Татарстанд сурахыг сонгожээ. Гэтэл Шинжаанд үлдсэн эцэг, эх нь гар утасны дуудлага, мессежинд хариу өгөхөө больжээ. Мөн тэдний авга, сайн найз нь ч бас сураггүй болсон аж. Ихэр залуусын таамаглаж буйгаар тэд бүгд баривчлагдаж Хятадын хорих төвд очсон бололтой.
Шинжааны нэг сая орчим мусульман шашинтан Хятадын албаныхны “албадан боловсрол олгох төв”-д хоригдож, сэтгэлзүй, биеийн хүчирхийлэлд өртөж байгааг хүний эрхийн байгууллагаас мэдээлсэн. Тэдний олонх Шинжаан-Уйгурын иргэд юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт интернэтэд цацсан бичлэгт нүдээ боолгосон олон зуун хүн Хятадын албаныхны дор сургуулилт хийж байгаа нь дүрслэгджээ. Харин Хятадын албаныхан энэ нь исламын салан тусгаарлах үзлээс сэргийлэх ажил гэж мэдэгдсэн юм.
Сүүлийн жилүүдэд Хятадын хүсэлтээр Тайланд, Камбож, Малайз орнууд уйгур үндэстнүүдийг албадан нутаг буцаах болсон юм. Тухайлбал, 2017 онд Египетэд 20 гаруй уйгур оюутныг баривчилж, албадан нутаг буцаажээ. Харин дэлхийн олон орноос шахалт үзүүлсний ачаар энэ баривчилгаа зогссон байна.
Эх сурвалж: Moscow Times
Холбоотой мэдээ