Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн “Бүсгүйчүүд” шүлгийг ая зохиогч, сэтгүүлч Цагаанчулууны Буяннэмэх дууны шүлгийн хэлбэрт оруулан, аялгуу шингээж, “Тэнгэрлиг монгол бүсгүйчүүд” нэртэй дуу бүтээжээ.
Энэхүү дуунд Монголынхоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг гоо сайхан, уянгалаг яруу талаас нь магтан дуулсны зэрэгцээ шударга зан, ариун үйлс, нийгмээ өөрчлөх хүч чадал, үнэн мөний дуу хоолой болохыг нь тодотгосон байна. Мөн эх орондоо төдийгүй эргэх дэлхийн цээжинд алдраа дуурсгасан урлаг спортын оддоос гадна оюунлиг монгол эмэгтэйчүүдээ ч магтан дуулжээ.
Ц.Буяннэмэх 1990-ээд оноос ая зохиож эхэлсэн бөгөөд 1994 онд анх удаа Монголын хөгжмийн зохиолчидтой хамт Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадамд “Номын өргөө” дуугаараа оролцож байв. Тэрбээр 1996 онд “Монгол нисгэгчийн дуу”-гаараа, 1998 онд Очирбатын Дашбалбарын үг “Хаан суудалтай Монгол” дуугаараа тус наадамд оролцсон нь шилдгээр шалгарчээ.
Мөн 2012 оны шилдэг дуу шалгаруулах” Морин хуур” наадамд АУЗ Тангадын Галсангийн шүлэг “Чингэсийн Монголын эв эеийн сүлд дуу”-гаараа оны шилдэг дууны шагнал авсан байна.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр өөрийн дууны урын сандаа хүүхдийн болон нийтийн олон дуутай бөгөөд хүүхдийн дууны хоёр цомог гаргаж, олны хүртээл болгожээ. “Ухаант мэргэн сүмбэр” хүүхдийн дуулалт жүжиг бүтээсэн тэрбээр өдгөө “Тэнгэрлиг монгол бүсгүйчүүд” дуугаа үзэгч түмэндээ хүргэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ