П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд үзмэр болгоно

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй. Уг түүхэн дурсгалт байшинг сэргээн засварлах ажил эхлүүлсэнтэй холбоотой буулгаж, суурин дээр нь  22 давхар барилга барихаар болсон талаар өнөөдөр /2019.10.09/ П.Гэндэнгийн нэрэмжит сан, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог уг хоёр давхар дүнзэн модон барилга нь өдгөө 90 гаруй жилийн насжилттай билээ. Одоогоор уг түүхэн барилгыг нураасан ба Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас дараах мэдээллийг өгөв.

ШИЛЭН БАРИЛГЫН НЭГ ДАВХАРТ ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ БАЙРЛУУЛНА

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.УУГАНБАЯР: 

-Энд 22 давхар музей, оффисын зориулалттай барилга барина. Шинэ барилгын дотор нэг давхарт нь музейг сэргээн засварлаад барих бөгөөд 1-4 давхар музейн эзэмшилд байна. Газар П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг. Тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдчихсан. П.Гэндэнгийн нэрэмжит сангийн барилга нь  Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжтай 1652 мкб газартай, музей конторын зориулалттай.

Анх 2016, 2017 онд архитектур төлөвлөлтийн даалгавар гарч байсан. Музейн зориулалтай 16 давхар барилгын нэг давхарт нь П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг хадгалах хэлбэрээр шилэн хоргонд байрлуулах зураг төслийн даалгаврыг манай байгууллагаас гаргаж байсан юм.

П.Гэндэн сангаас тухайн барилгыг Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн  47 дугаар зүйлд анхны төрх, хийцийг хадгалж үлдээх, удаан хугацаанд хадгалах хуульд заасан нөхцөлийг хадгалж хийх гэж  заасны дагуу түр хугацаанд барилга байгууламжийг буулгаж, шилэн хоргонд хийх үйл ажиллагаа явагдаж байгаа юм. Энэ ажлыг П.Гэндэнгийн сангаас хариуцан ажиллаж байна. Зураг төслийг нь манай газраас баталсан. Түр хугацаанд байшингийн модыг  нь дугаарлаж, хадгална. Шилэн барилга ашиглалтад орсны дараа нэг давхарт нь  өмнөх төрх хийцээр барихаар төлөвлөсөн байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг нурааж, өв соёлоо устгасан зүйл байхгүй гэлээ.

Хотын А бүсэд байрлаж буй Хэлмэгдэгсдийн музейн зориулалттай Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг өв соёлоо хадгалж хамгаалж үлдэх зорилгоор шилэн хоргонд байрлуулахаар болсныг П.Гэндэнгийн нэрэмжит сангаас онцлов.

ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ ГАДАА НЬ ҮЛДЭЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн, П.Гэндэнгийн ач хүү, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн захирал С.БЭХБАТ: 

-Би байшинг сэргээн засварлах талаар олон жил судалж, олон талын мэргэжилтнүүдтэй ярилцаж байсан. Сэргээн засварлах, үндсэн төрхийг нь авч үлдэх нь их амаргүй ажил юм билээ. Байшинг хэвээр  үлдээхээр сууринд нь зайлшгүй бүтээн байгуулалт хийх ёстой болж байгаа юм. Гадаа үлдээхээр мод нь өгөрч байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас манай байшинг 95 хувийн элэгдэлтэй ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Иймд байшинг музей болгож шилэн хоргонд байрлуулахаар шийдсэн. Гэхдээ энэ шийдвэрийг би бие дааж гаргаагүй. Манай Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан.

Би гэр бүлийнхээ мөрөөдлийг биелүүлж байна. Хүмүүсийн ярьж байгаа шиг байшинг нураагаагүй. Түр хугацаанд буулгасан.

 П.Гэндэн сангийн хоёр давхар  модон байшинг сэргээн засварлаж шинээр баригдах барилгын нэг давхарт байрлуулж музей хэлбэрээр хадгалах гэж байгаа юм гэлээ.

Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, П.Гэндэнгийн сангаас хөрөнгө оруулалтыг нь хийж, нэр бүхий 2-3 компанитай хамтран ажиллаж байгаа аж. Шинэ барилгын 1-4 давхар нь музейн зориулалттай бол үлдсэн нь оффисын зориулалттай аж.  Шинэ барилгын бүтээн байгуулалтын ажлыг  нэг жил гаруйн хугацаанд  гүйцэтгэх тооцоо гарчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж