Д.Төмөрхүлэг V, А.Цолмон VII байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг V, А.Цолмон VII байрт орлоо

Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Манай улсаас дөрвөн жүдоч барилдсанаас ОУХМ Д.Төмөрхүлэг V, ОУХМ А.Цолмон VII байрт орлоо.

Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нарыг хожиж, шөвгийн наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Жумакановт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Германы жүдоч Себастиан Сейдлтэй барилдаж, торгуулийн дүнгээр хожсон юм. Тэрээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг Израилийн Голан Поллактай хийсэн ч сүүлчийн секундэд өрсөлдөгчдөө юүко үнэлгээ алдан, хожигдлоо.

Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар хоёрдугаар тойргоос, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.


Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдаан болно. Манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир "В", Г.Одбаяр "С" хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийнэ.

Дэлхийн аваргад өрсөлдөж буй 137 орноос 10 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас манай жүдочдоос дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг V, А.Цолмон VII байрт ороод байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж