Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын хүрэл медалийн төлөө ОУХМ Д.Төмөрхүлэг барилдах гэж байна. Тэрээр Израилийн Голан Поллактай шийдвэрлэх барилдаанаа хийх гэж байна.
Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нарыг хожиж, шөвгийн наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Жумакановт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Германы жүдоч Себастиан Сейдлтэй барилдаж, торгуулийн дүнгээр хожсон юм.
Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон шагналт VII байрт орлоо. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар хоёрдугаар тойргоос, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 73 кг, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдаан болно. Манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм. С.Ням-Очир "В", Г.Одбаяр "С" хэсэгт багтсан бөгөөд хоёр бөхийн хувьд эхний тойрогт хийлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтсан. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийнэ.
Ч.БОЛОР