Гэрлээд удаагүй байсан нэгэн эмэгтэй хамаатныхаа гурван хүний хамт Энэтхэгийн өмнөд хэсэгт байрлах түргэн урсгалт голд сельфи хийж байгаад живж амиа алдсан талаар Даваа гариг (2019.10.07)-т тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ.
Орон нутгийн цагдаагийн ажилтан “France Press” агентлагт ярилцлага өгөхдөө, гар гараасаа барьсан зургаан хүн бүсэлхийгээр татсан усанд зогсож байсан бөгөөд нэг эмэгтэй нь усанд унасны улмаас бусад нь татагдаж живсэн хэмээн ярьсан байна.
Гэрлэсэн эмэгтэйн нөхөр өөр нэг эмэгтэйг аварч чадсан ч усанд живсэн хүмүүсийн дунд эхнэрээс нь гадна 14 настай хүү байсан талаар Энэтхэгийн “The Press Trust of India” мэдээлжээ.
Мэргэжилтнүүд нийгмийн сүлжээнд зоригтойгоо харуулах гэж эрсдэлтэй сельфи хийж нийтлэхгүй байхыг залууст анхааруулсан байна.
Энэтхэгийн Харьяна мужийн төмөр зам дээр өнгөрсөн тавдугаар сард өсвөр насны гурван хүүхэд сельфи хийж байгаад зам руу унаж амиа алджээ. Карнатака мужийн төмөр замын гүүрэн дээр 2017 онд гурван оюутан сельфи хийж яваад, экспресс галт тэргэнд мөргүүлж нас барсан бол Одиша хотод нэгэн хүн заантай сельфи хийж байгаад амиа алдсан байна.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ