Японд төрөлт огцом буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Японд төрөлт огцом буурчээ

Японд төрөлт огцом буурчээ

Японд төрөлт огцом буурч, сүүлийн 30 жил дэх хамгийн бага төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар Японд 518590 хүүхэд төрсөн байна. Статистикийн судалгаагаар энэ оны эхний долоон сард төрөлт 5,9 хувиар буурсан бөгөөд төрөх насны эмэгтэйчүүдийн тоо ч багассан байна. Япон эмэгтэйчүүд хүүхэдтэй болохгүй байх эсвэл жирэмслэхээ хойшлуулах үзэгдэл нэмэгдсэн болохыг Хүн ам, нийгмийн судалгааны үндэсний институтийн төлөөлөгч Ясуши Минэшима мэдэгджээ.

Японд өнгөрсөн онд 918397 хүүхэд мэндэлжээ. Үүнд, гадаад иргэд болон гадаадад төрсөн япончуудыг багтаагаагүй аж. Японд төрөлт 1970-аад оноос эхлэн буурч эхэлсэн ба 2005 онд хамгийн бага төрөлт бүртгэгдэж байв. Хүн амын тоог тогтвортой барихын тулд төрөлтийн индексийг 2,1-д барих хэрэгтэй боловч өнгөрсөн онд 1,2 байжээ. Төрөлт буурсан шалтгаан нь төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсантай холбоотой гэж албаныхан үзсэн байна. Түүнчлэн карьер хөөх, хөдөлмөр эрхлэх шалтгаанаар япон эмэгтэйчүүд жирэмслэх хугацаагаа хойшлуулах болсон аж. Япон эмэгтэйчүүдийн анхны хүүхдээ төрүүлэх дундаж нас 1970 онд 25.6 байсан бол өнгөрсөн онд 30.7 болсон байна.

Төрөлт буурахад нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь Японы залуусын дунд гэрлэлт буурсантай холбоотой. Өнгөрсөн 2018 онд 1000 хүнд ноогдох гэрлэлтийн хувь 4,7 байсан нь 1970-аад онд 10 хувь байсантай харьцуулахад огцом багассан үзүүлэлт. Түүнчлэн 50 нас хүртлээ гэрлээгүй хүмүүсийн тоо 2015 онд эрэгтэйчүүдийн дунд 23 хувь, эмэгтэйчүүдийн дунд 14 хувь болсон байв.

Токиогийн их сургуулийн явуулсан судалгаагаар Япон эмэгтэйчүүдийн 18-39 насны эмэгтэйчүүдийн дунд онгон хүний тоо 2015 онд 24,6 хувь болсон нь 1992 онтой харьцуулахад 3 хувиар нэмэгджээ. Харин ижил насны эрэгтэйчүүдийн дунд зандан хүний тоо 2015 онд 25,8 хувь буюу 1992 оноос 5 хувиар нэмэгдсэн аж.

Японы хүн амын 28 хувь нь өдгөө 65 ба түүнээс дээш настай болсноор “супер насжилттай” орноор нэрлэгдэх болсон аж. Энэ нь хүн амын тоонд нөлөөлж, 2018 онд хүн амын тоо 126 сая буюу өмнөх жилийнхээс 260 мянгаар буурсан үзүүлэлт гарчээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Японы хүн амын тоо 2065 он гэхэд 88 сая болж буурах төлөвтэй байна. Хүн амын тоо буурсныг дагаад ажиллах хүчний тоо эрчимтэй хумигдаж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж