Солиоролд хууртаж болохгүй, сонгогчид оо!

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Солиоролд хууртаж болохгүй, сонгогчид оо!

Солиоролд хууртаж болохгүй, сонгогчид оо!

Сонгогчдын боловсролгүйг далимдуулан сонгууль болгоны өмнө улстөрчид солиотой амлалт өгч, солиотой мөрийн хөтөлбөр дэвшүүлж, сонгогчдын тархи угаадаг муу ёрын аргатай.

Энэ аргыг МАХН ирэх жилийн УИХ-ын сонгуулиар ашиглахаар шийдэв бололтой, өнгөрсөн бямба гаригт /2019.10.05/ төв байрныхаа гадаа “Өрх бүрт нэг орон сууц” хөтөлбөр танилцуулж, иргэдийг хэдэн зуугаар нь цуглуулж, бүртгэв.  Өөрсдөд нь, үр хүүхдэд нь хэрэгтэй мэдээлэл өгье гэхэд цугладаггүй иргэд үнэгүй байрны сургаар 10 мянгаараа дугаарлаж, бүртгүүлжээ. Хэрэв өөр нэг улс төрийн нам МАХН-тай барьцаад ирэх сонгуулийн PR-аа бэлэн мөнгө тараах болгож, зүсийг нь хувиргавал сонгогчид мөн л хуйлран бүртгүүлж, санал өгч мэдэхээр байна. Сонгуулийн алдаа энэ л байдаг. Бүтэшгүй амлалт өгөөд байхад л хууртаж, шуналтаж санал өгдөг. Сонгогдсоных нь дараа чадуулснаа мэдээд зүхэхийг яана.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгийн цахим хуудсандаа жиргэснээр орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд баячуудын олон байрыг хурааж, бүртгүүлсэн иргэдэд өгөх юм гэнэ ээ. Бас болоогүй, ипотекийн зээлийг хүүгүй болгоно. УИХ-д сонгогдож л байвал дээрэм хийсэн ч яах вэ л болж улаан цагаандаа гарч байна.

Уг нь тэд ямар нийгэмд амьдарч байгаагаа, ямар өртгөөр ипотекийн зээл бүтдэгийг мэдэхийн ихээр мэднэ.  Гэвч сонгогчдын боловсролгүй, үнэгүй юманд нугасгүйг нь ашиглахаар шийдсэн нь энэ.

Хэрэв ипотекийн зээлийг хүүгүй болгох боломж байсан бол Засгийн эрхийг ээлжлэн барьсан АН, МАН хоёр МАХН-аас өрсөөд хэрэгжүүлчихгүй өнөөдрийг хүргэх билээ дээ. Сонгуулиар сонгогчдын санал авах гол хөзөр нь энэ биш гэж үү. Эдийн засгийн боломж бололцоо байхгүй учраас жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийг зургаан хувь руу ч буулгаж чадаагүй л байна.

Гэхдээ жилийн 30 гаруй хувийн хүүтэй олддог байсан байрны зээлийг жилийн найман хувийн ипотек болгосон нь үе, үеийн Засгийн газраас эдийн засгийн нөхцөл бололцоогоо харж, тасралтгүй бодлого хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Цаасан мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх үү, Засгийн газрын бонд гаргаж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх үү гэдэг нь өөрөө тухайн эдийн засгийн нөхцөл байдлаа судалж, хэрэгжүүлэхээс эхлээд нарийн судалгаа, ажиллагаа шаардаж хийдэг ажил. Энэ ажлыг зөвхөн Засгийн газар, төв банк хоёр шийдээд ч хийдэг юм биш. Арилжааны банкаа татан оролцуулж, гурван талын оролцоо эх үүсвэр, эрсдэл энэ бүхнийг тооцож шийддэг. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хүүг буулгана гэдэг амны зоргоор яриад хийдэг ажил биш юм. Буруу хийвэл эдийн засгийн хямрал нүүрлэнэ.  2009 онд дэлхий дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямралын эх ипотектэй холбоотой байдаг. Нэг улс байтугай дэлхийгээр нь доргиодог. Хэдийгээр Монгол Улс дэлхийд нөлөөлөх хэмжээний эдийн засагтай улс биш боловч буруу хөдөлбөл хэдэн жилдээ босож ирэхээргүй эдийн засгаа элэгдэж унагах аюул бий.

Нөгөө талдаа ипотекийн зээлийн хүүг 0 болгох байтугай зургаан хувь болгоё гэхэд зөрүүг нь ямар эх үүсвэрээс төлөх вэ гэдэг асуудал тай тулна. Арилжааны банк буяны байгууллага биш.  Хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүү, харилцагчийнхаа итгэлцэл дээр үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн байгууллага. Харин МАХН-ынханд арилжааны банк нь хүүгүй зээл олгодог байгууллага болж, нүдэнд нь харагдаад байгаа бололтой.

Уучлаарай, ийм боломж байхгүй. Сонгогчдын эдийн засгийн боловсрол муутайг далимдуулж, УИХ-д сонгогдохын төлөө шоу хийх хэрэггүй.

Сонгогчид ч худал амлалтад бүү авт. Хоёр жилийн өмнө Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ зээлийг 0 лэх даалгавар өгснийг мартаагүй биз. Төрийн тэргүүнээр сонгогдоод хоёр жил боллоо, хэнийх нь зээл 0 болсон бэ. Аль ч төрлийн зээлийг хүчингүй болгож чадаагүй, хэвлэлүүд үе үе энэхүү “цэцэн” даалгаврыг нь сануулж, сэвж суугаа.  Тухайн үеийн тооцооллоор 943 мянган иргэд 5,8 их наяд төгрөгийн зээлтэй гэсэн судалгаа гарсан. Одоогийнхоор бол улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг хүчингүй болгох даалгавар түүхэн үүргээ гүйцэтгэж, төрийн тэргүүний сэнтийд суулгаж чадсан ч популизмаас болж,  нам нь ч, Ерөнхийлөгч ч “Далан худалч” нэртэй болж, ширэн нүүрлээд сууж байгаа.  Ирэх сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, Засгийн эрх авлаа ч энэ даалгавар биелэгдэхгүй. Улсаа нураая гэвэл харин хэрэгжүүлж болно.

Сонгууль дөхөх тусам солиотой амлалт, солиотой мөрийн хөтөлбөр дэвшүүлэх улс төрийн нам, бие даагч олширно. Сонгогчид минь солиоролд нь авталгүй, зөв л сонголт хийж чадахгүй бол ядуурлаасаа салж чадахгүй, авлигачид баяжиж, улсаараа хохирно шүү.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж