АНУ-ын телевизийн реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн Мягмар гариг (2019.10.08)-т Шведийн залуу идэвхтэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунбергийг "зоригтой, гайхалтай бүсгүй" хэмээн магтаж, цаг уурын өөрчлөлтийн асуудалд санаа зовж явдгаа хуваалцсан байна.
Өдгөө 38 настай Кардашиан, өнгөрсөн сард болсон НҮБ-ын чуулганы нээлт дээр дэлхийн удирдагчдад хандан “худал хоосон үгсээрээ хүүхэд насыг нь хулгайлсан” гэж хэлсэн Тунбергийг урьж, хамтдаа оройн зоог барихыг хүсэж байсан тухайгаа өгүүлжээ.
Тэрбээр Арменид хийсэн айлчлалынхаа үеэр “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө “Тунберг үнэхээр гайхалтай охин. Томчуудад хандан хэлэх үгээ зоригтой илэрхийлсэн. Түүн шиг маш нээлттэй, шударга байх хэрэгтэй" хэмээн ярьсан байна.
Кардашиан Арменийн нийслэл Ереван хотод болсон Дэлхийн мэдээллийн технологийн конгресст оролцох үеэрээ “Цаг уурын өөрчлөлт ноцтой асуудал болж байна” хэмээн хэлжээ. Тэрбээр мөн Тунбергийн эцэг эхтэй ярилцаж, санаа бодлоо хуваалцахыг хүсэж буйгаа өгүүлсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ