"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

"Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай"

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2019.10.09/ хуралдлаа. Тус байнгын хорооны хуралдаанаар  Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.  Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр санаачилсан юм. Тухайлбал,

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:

-Хуулийг дэмжиж байна. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг таван удаа хуралдаж, зургадугаар сард тогтоолын төслөө бэлэн болгосон. Ер нь бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын асуудал нийгэмд анхаарал татаж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс ажлын хэсэг ажлаа сайн хийсэн, энэ асуудлыг хурдан хэлэлцэж, батлах шаардлагатай байна. Үүнийг байнгын хорооны дарга анхааралдаа авна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Ямар нэг асуудалд шинжлэх ухаанч, тооцоотой байх ёстой. Шинжлэх ухаан технологийн сан гэж байдаг. Энэ сангийн үйл ажиллагаа ямар байгаа, хөрөнгө санхүүжилт нь ямар байдлаар зохицуулагдаж ирсэн байдаг юм бэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Шинжлэх ухааны хөгжлийг цаашид хөгжүүлэх суурь нь санхүүжилт. Манайд шинжлэх ухаан, инновацийг санхүүжүүлэх шинжлэх ухаанд чиглэсэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх нь маш муу байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ДНБ-ний тодорхой хувийг шинжлэх ухааны салбартаа суулгадаг. 2020 оны төсөвт шинжлэх ухаанд зарцуулах, санхүүжүүлэх төсвийг төлөвлөсөн байгаа. Монгол Улсын хөгжлийн гарцын нэг нь шинжлэх ухааны салбар байх ёстой. Монгол эрдэмтдийн бүтээлийг ашиглах, гадны технологиудыг дотоодод нутагшуулахад онцгой анхаарах ёстой юм. Тиймээс ирэх жилүүдийн төсөвт энэ салбарт суулгах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Шинжлэх ухааны технологийн санд төсвөөс судалгаанд 12 тэрбум төгрөгийг төсөвлөж, зарцуулж байгаа. Шинжлэх ухаан технологийн сантай холбоотой асуудал нь бусад сантай адил зарчмаар явдаг. Цаашид шинжлэх ухаан, технологийн салбарыг боловсронгуй болгохын тулд энэ сангийн үйл ажиллагааг ил тод нээлттэй, судалгаа хийхээс гадна шинжлэх ухаан технологийн салбарын үйлчилгээг нэмэгдүүлэхээр хийхээр төлөвлөсөн ажлууд байгаа. Олон улсын жишиг сангуудтай дүйцүүлэх менежментийг хийхээр ажиллаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Шинжлэх ухааны салбарын реформыг зайлшгүй эхлүүлэх цаг болсон. Өнөөдөр 26 орчим хүрээлэн 1600 орчим эрдэмтэдтэй, жилд төсвөөс 36 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй амь зууж байгаа салбар. Бусад орны хувьд шинжлэх ухааны салбар ДНБ-ний 1 хувиас дээш шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Манайх бол 0,2 хувь хүрдэггүй. Бодлогын тогтвортой залгамж бодлого манай улсад алдагдаж байгаа. Бид гурван жилийн дотор дөрвөн сайд томилж, очсон сайд бүр их сургуулиуд, сангуудаар л оролддог. Ер нь бол өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 60-70 хувь нь хувийн хэвшлээс орж ирдэг. Шинжлэх ухааны салбарын судалгаа, үйлдвэрлэл хоёр салчихсан, Монголын экспортод гарч байгаа бүтээгдэхүүний 95 орчим хувь нь нэмүү өртөг шингээгүй байгаа юм. Нэмүү өртөг шингээгүй байгаа нь шинжлэх ухааны технологи, инновацигүй, эдийн засагжаагүй байгаа юм. Монголд үүссэн судалгаа, үйлдвэрлэл хоёрыг холбоход хууль эрх зүй болон эдийн засгийн хөшүүргийг хуульд тусгасан уу. Хувийн хэвшлээс хөрөнгө татах ямар боломж байна вэ, үүнийг тусгасан уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Судалгаа, үйлдвэрлэл хоёрыг нэгтгэхийн тулд эдийн засгийн хөшүүргийг хийх асуудлыг тусгаагүй бөгөөд яамнаас өргөн барьсан хуулийн төсөл болон гишүүдийн ярьсан төслүүдийг нэгтгэж, хэлэлцүүлгийн явцад тодорхой саналуудыг тусгаж, анхаарлаа хандуулж ажиллах боломжтой.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Бодлого, эрх зүйн орчны шинэтгэлтэй холбоотой тулгамдсан асуудал. Энэ хуулийн төсөл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, Инновацийн тухай хууль гэх мэт хуулиудын хүрээнд инноваци, шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах цогц шийдлийг хийж байна. Эрдэмтэд шинэ мэдлэг, патент бүтээдэг ч эдийн засгийн эргэлтэд оруулах гарц байдаггүй. Тиймээс хууль эрх зүйн зохицуулалтуудыг өөрчлөхөд  энэ асуудал нэг талдаа шийдэгдэнэ гэж харж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА:

-Нийгмийн хөгжлийг урагшлуулахын тулд шинжлэх ухааны үзэл баримтлалд тусгах нь зөв. Энэ салбарын хууль эрх зүйн орчин маш чухал байгаа. Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж чадвал Шинжлэх ухааны академийн бүтэц, дүр зураг ямар байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Бидэнд маш олон боломж байгаа.

УИХ-ЫН ХУРЛЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ:

-Шинжлэх ухааны салбарын анхдугаар форумд бүх шатандаа хандлагаа өөрчлье гэдэг уриатайгаар хийж, эхлүүлсэн. Шинжлэх ухаан, инновацийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлсэн хурал болсон гэдэг хүлээлт эрдэмтдийн дунд бий. Нөгөө талаас бид мэдлэг оюунаа хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Шинжлэх ухааны салбарын хуулиудыг бий болгохоор ажиллаж байгаагийн эхлэл нь энэ хууль юм. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр нягт ажиллах ёстой. Шинжлэх ухаан технологийн цөм хөтөлбөр, Шинжлэх ухаан технологийн сангийн ил тод бус байдал, эрдэмтдийн ажлын үнэлгээ, урамшууллыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн механизмыг нэмэгдүүлж, үр дүн ямар байх талаар судалгааг байнгын хорооны гишүүдэд ирүүлэх зэрэг саналуудыг ажлын хэсэг анхаарах хэрэгтэй байна. Харьцуулалтын судалгаануудыг төсөв хэлэлцэж байгаа үед асуудлаа тусгаад явах боломжтой байна шүү.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-Хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр өргөн баригдсан хууль бол хэрэгтэй хууль. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын салбарт хэр зэрэг дарамт учруулах вэ. Бид 3,2 сая хүн амтай хэрнээ 2018 онд 6073 хүн хавдраар оношлуулж, 4412 хүн хорт хавдраар нас барсан байгаа юм. Үнэхээр аймшигтай тоо. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 77 хувь нь оройтсон хойноо хавдартай болсноо мэддэг. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” төсөл зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. Хамгийн чухал нь бид эрт илрүүлэг, эрт оношлох нь тулгамдсан асуудал юм.

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ  О.БААСАНХҮҮ:

-ЭМД-ын сангаас долоон хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр санал орсон бөгөөд урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх зардалд 2017 онд 11,7 тэрбум,  2018 онд 11,8 тэрбум, 2019 онд 17,5 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2020 онд 598,6 мянган хүнийг хамруулахаар 23,9 тэрбум төгрөгийн тусгасан. Мөн бид хуульд зөвхөн эрт илрүүлэх үзлэгийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээс илүү урьдчилан сэргийлэх зардалтай хамтатган, тусгах ёстой гэж үзсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ САНААЧЛАГЧ Д.ДАМБА-ОЧИР:

-Энэ хууль батлагдахгүй хоёр жил болчихлоо. Угтаа бол эрт хэлэлцсэн бол 2020 оны төсөвт суулгах боломж байсан.  Хүн хавдрын үүсвэр байна уу гэдгийг шалгах нь л эрт илрүүлэг гэж байгаа юм. Элэг, ходоод, умайн хүзүүний хавдраар хорт хавдраар өвдөгсдийн 70 орчим хувь байгаа юм. Солонгос, Герман, Японд ийм хууль байдаг бөгөөд өвчлөл бага, урт насалж байгаа юм.  Энэ хууль батлагдвал эрт илрүүлэлтийн хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хөтөлбөр одоо бэлэн болчихсон бөгөөд хорт хавдрын өвчлөл 60 орчим хувиар буурах боломжтой гэдгийг хэлж байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж