Булчингийн томролтод зайлшгүй шаардлагатай зүйл бол уураг. Уургийн эцсийн бүтээгдэхүүн буюу хамгийн жижиг хэсэг нь амин хүчил юм. Эдгээр амин хүчлүүд нь булчингийн нөхөн сэргээлт томролтын гол хэрэгсэл гэж ойлгож болно.
Эукариот махбодод 21 төрлийн амин хүчил байдаг. Тэдгээрийн 12-г бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаг бол зайлшгүй гаднаас авах ёстой 9 амин хүчил байдаг. Үүнийг бид essential amino acids буюу үл орлогдох амин хүчил гэж нэрлэдэг. Эдгээр амин хүчлүүдийг бид зөвхөн хоол тэжээлээр л авна. Үүнийг уургийн талаарх мэдээлэл дээрээ дэлгэрэнгүй ярих болохоор ингээд түр орхиё.
Хангалттай хэмжээний уургийн хэрэглээн дээр зарим нэг дааврын нөлөөгөөр / инсулин төст ургалтын хүчин зүйл Growth factor, тестостерон зэрэг/ булчин нөхөн төлждөг. Гэхдээ энэ нь бэлэн даавар гаднаас уух хэрэгтэй гэсэн үг огтоос биш бөгөөд тестостерон агуулсан бэлдмэлийн хор уршиг нь ашигтай талаасаа их бөгөөд насан туршид үргүй болох ч аюултай тул зөвхөн тестостероны ялгаралтыг нэмэгдүүлэх хоол хүнс болон амьдралын хэв маягаар энэ даавраа ихэсгэх нь илүү зөв сонголт.
Дасгал хийж байх үед сайн унтаж амар гэдэг нь ч шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө. Булчин нөхөн сэргээх үйл явц нь биднийг унтаж байх үед илүүтэй явагддаг. Хангалттай хэмжээнд унтаж амрахгүй бол та хангалттай хэмжээний уураг хэрэглээд ч, хэчнээн сайхан залуу нас байгаад ч нэмэргүй л болов уу.
Мөн та хангалттай унтаж амрахгүй бол бие тань дасгалын үеэр илүү хурдан ядарч, шөнө хангалттай нөхөн сэргээлт хийж чадаагүйн улмаас өмнө өргөж байсан жингээ ч дийлэхгүйд хүрнэ. Яг энэ процессийг ойлгоогүйн улмаас олон залуус шантарч эхэлдэг. Уг нь их энгийн зүйл шүү дээ. Утас ширтэх цагаа багасгаад өдөрт 7-8 цагийн нойроо л авчих…
Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж
Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.
Холбоотой мэдээ