Хятадын засгийн газар болон Коммунист намын албан тушаалтнуудад АНУ визийн хязгаарлалт тогтоосон байна. АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн мягмар гариг (2019.10.08)-т гаргасан мэдэгдэлдээ, БНХАУ-ын эрх баригчид Шинжаан мужид үндэстний цөөнх лалын шашинтнуудын эрхийг боогдуулж, тэдэнтэй зүй бус харьцсан хэрэгтээ хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж, визийн хязгаарлалт тогтоосныг дурджээ.
АНУ-ын Худалдааны газраас өнгөрсөн Даваа гариг (2019.10.07)-т гаргасан мэдэгдэлд, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Бээжин уйгарын лалын шашинтнууд болон бусад үндэстний цөөнхийн эрхийг зөрчиж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой" гэж мэдэгдсэнийг дурдсан байна. Улмаар Хятадын нийтийн аюулгүй байдлын товчоо, видео хяналтын "Hikvision" зэрэг 28 компанид визийн хязгаарлалт тогтоож, худалдааны “хар жагсаалт”-д нэмж оруулах шийдвэр гаргасныг дурджээ.
Үндэстний цөөнх лалын шашинтнуудад шахалт үзүүлсэн хэргээр Трампын засаг захиргаа Хятадын дээд удирдагчийн эгнээнд багтдаг албан тушаалтнуудад, түүний дотор Улс төрийн товчооны гишүүн асан, Шинжааний намын нарийн бичгийн дарга Чен Куангуогийн эсрэг хориг арга хэмжээ авах талаар АНУ-ын албаны хүмүүс өмнө нь мэдэгдсэн аж.
АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд визний хязгаарлалтад хамрагдах албан тушаалтнуудын нэрийг дурдаагүй байна. Олон шинжээч “АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаанаас харахад, энэ долоо хоногт хоёр орон "худалдааны дайн"-ы асуудлаар шийдвэрлэх тохиролцоонд хүрэх магадлал тун бага байна” хэмээн үзэж буй аж.
Мөн Помпео “Шинжаан Уйгарын өөртөө засах оронд шахалт үзүүлэх кампанит ажлаа даруй зогсоож, үндэслэлгүйгээр саатуулсан хүмүүсийг суллаж, хилийн чанадад амьдарч буй Хятадын лалын шашинт үндэстний цөөнх хүмүүсийг тодорхойгүй хувь тавилан хүлээж буй Хятад руу албадан ирүүлэх оролдлогоо зогсоохыг уриалж байна” хэмээн мэдэгджээ.
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам өнөөдөр (2019.10.09) мэдэгдэл гаргаж, АНУ визийн хязгаарлалт тогтоож, Хятадын компаниудад хориг тавих нь олон улсын эрхийг зөрчиж, улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал юм” гэж дурдсан байна. Мөн "Шинжааны хэрэгт гадны оролцоо байх ёсгүй, цэвэр Хятадын дотоод асуудал. Алдаагаа даруй засаж залруулан, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг бид АНУ-д уриалж байна" хэмээн дурджээ.
Тус Элчин сайдын яам твиттер хуудастаа “АНУ олон улсын харилцааг зохицуулж буй үндсэн хэм хэмжигдэхүүнүүдийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй бөгөөд ашиг сонирхлыг нь хөндөж байна. Хятад улс үүнд харамсаж, эрс эсэргүүцэж байна” хэмээн жиргэсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ