Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалын тухай хэлэлцүүлэг БОАЖЯ-ны ХААН танхимд боллоо. Хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЦЕГ-ийн МБГ-ын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сав газрын захиргаадын төлөөлөл, ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэн, аж ахуйн нэгжүүд, байгаль орчин үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үндсэн чиг үүргийн хүрээнд Монгол орны ус, усан орчинтой холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 17-нд шинэчлэгдэн батлагдсан Усны тухай хуулийн 10.1.6-д “усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах” гэж заасан байдаг.
Манай орны тэргүүлэх чиглэл болсон уул уурхай, эрчим хүчний болон бусад улс орныг хөдөлгөх эдийн засгийн ач холбогдол бүхий одоо хэрэгжиж байгаа, болон хэрэгжих томоохон төслүүд нь усны нөөц тэр тусмаа гадаргын усны нөөц хязгаарлагдмал говь, тал хээрийн бүсэд байршиж байгаа нь усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, бодлого төлөвлөлтийг олон улсын жишгийн дагуу усны нөөцийн зүй зохистой ашиглах зайлшгүй шаардлага гарч буй аж.
Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх аргачлалд баримтлах зарчмуудын хувьд усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт, шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилт судалгаа, шинжилгээний үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтлана. Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ, түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардал, сэргээн босгох ажлын төсөвт өртгөөр тодорхойлж болно.
Монгол Улсын ус хэрэглээний дийлэнх буюу 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Энэхүү аргачлалаар газрын доорх усны нөөцөд учирч байгаа хохирлыг ямар зааг хязгаараар авч үзэх, хохирлыг хэрхэн үнэлж, аль тохиолдолд нөхөн төлбөр тооцох талаар тусгасан болно. Усны нөөцийг зохих шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан, эсвэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, зориудаар хуурайшуулсны улмаас үүсэх хохирлыг усны нөөц хомсдуулснаас үүсэх хохирол гэж үзсэн талаар хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Энэхүү аргачлалыг боловсруулж гаргаснаар усны нөөцийн зүй зохистой ашиглалтыг ханган ажиллахад байгаль орчин, аялал жуулчлалын яам мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж, харьяалах нутаг дэвсгэртээ усны нөөцөд учирсан хохирлыг тооцон нөхөн төлүүлэн хяналт тавьж ажиллахаар санал нэгдлээ.
Эх сурвалж: БОАЖЯ