Чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойг тэмдэглэв

-Сүхбаатар, Дорноговь ай магт болсон ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 28-нд Улаанбаатар хотод болно-

БНХАУ фашизм, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд идэвхтэй бэлтгэж байна. Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотноо болох 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан баярын парадын бэлтгэлд Ардын чөлөөлөх армийн 12 мянган цэрэг, байлдааны 200 онгоц оролцож байгаа аж. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ 10 гаруй орны цэргүүдтэй Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байна. Уг арга хэмжээнд дэлхийн 20 орны төрийн тэргүүн хүрэлцэн ирэхээр болсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Чэн Гопин мэдээллээд байна.

Манай улс Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.  Нэгдүгээрт Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Үүнд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, манай ахмад дайчдад ойн медаль өгсөн, Монголын цэргүүд Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд алхсан зэрэг бий. Харин хоёрдугаар үе шат нь энэ зургадугаар сараас наймдугаар саруудад болж байна. Тухайлбал, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах, БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, ялалтын 70 жилийн баримтат кино, түүхэн ном, альбом бүтээх, Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн Сүхбаатар аймагт энэ сарын 19-д, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Харин ирэх баасан гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо баярын хурал, тусгайлсан арга хэмжээ болох юм.

 

ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД ДОРНОГОВИЙН НУТАГТ МАХЦ-ИЙН 7 ДУГААР МЕХАНИКЖУУЛСАН ХУЯГТ БРИГАД БАЙРЛАЖ БАЙЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Уг зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ахлан ажиллаж байна.  

Дорноговь аймгийн Сайншанд хотод 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг өнгөрөгч баасан гаригт(08.21) тэмдэглэн өнгөрүүллээ.

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаалд алхав. Мөн зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт болж, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт болсон юм.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Энэхүү зарлигийн дагуу Засгийн газрын тогтоол гарч, түүхт ойд бэлтгэх,  тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Батлан хамгаалах салбараас шат дараатай хэрэгжүүлж ирлээ.  Ажлын хэсэг Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж, олон ажлыг зохион байгуулж буй бөгөөд тэдгээрийн нэг хэсэг нь Дорноговь аймагт болж буй энэ арга хэмжээ юм.

Говийн их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өлгий нутаг, дорнын их говийн ард түмэн эх орноо батлан хамгаалах, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, залуу үеэ эх оронч үндэсний үзлээр хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан, одоо ч оруулсаар байгаа билээ. Дэлхийн II дайны жилүүдэд энэ нутагт тухайлбал, Сайншандад Монгол ардын хувьсгалт цэргийн 7 дугаар механикжуулсан хуягт бригад, 3 дугаар их бууны хороо, холбооны хороо байрлаж байлаа. Дорноговь нутгийн ард түмэн эдгээр нэгтгэл, ангиудын байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, ар тал, аж ахуйг нь сайжруулахад бүх л талаар, чин сэтгэлээсээ тусалж байсныг бид сайн мэднэ. Монгол цэрэг өнөөгөөс 70 жилийн тэртээ Хятадын ард түмнийг нийтийн дайсны дарлалаас чөлөөлж, дэлхийн дайны галыг унтраахад бодитой хувь нэмрээ оруулсан юм. Энэ дайнд монголчуудын оруулсан хувь нэмрийг ОХУ, БНХАУ-ын ард түмэн гүнээ хүндэтгэж байдгийн нэгэн жишээ нь ялалтын 70 жилийн ойг эдгээр оронд өргөн дэлгэр тэмдэглэж, монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлж буй явдал юм.

Эрхэм хүндэт ахмад дайчид та бүхний эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр тэмцсэн түүхт гавьяаг Монголын ард түмэн мартах учиргүй, энэ тэмцэл нь Монгол Улсын түүхэн дэх алтан хуудас болон мөнхрөх нь дамжиггүй. Эрхэм хүндэт ахмад дайчид та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье. Монгол цэргийн яруу алдар мөнхөд бадрах болтугай.” гэсэн юм.

 

ЗУРГААН БААТРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

 

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээг Дорноговь аймагт тэмдэглэх үеэр дайны талбарт гарамгай гавьяа байгуулан БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан Л.Аюуш (1922-19450, М.Жанчив (1923-1945), С.Дампил (1922-1991), С.Данзанваанчиг (1918-1981), Д.Нянтайсүрэн (1910-1984), Т.Дүүдэй (1921-2000) нарын зургаан баатрын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслол болсон юм.

1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон хурандаа Даржаагийн морьт отрядын байлдагч, ахмад дайчин Дамчаагийн Цэрэндаш, 1939 оны Халхын голын байлдаанд хөгжимчнөөр, 1945 оны дайнд 6 дугаар морьт дивизийн холбоо суманд тагнуулч, морин жолоочоор оролцсон ахмад дайчин Гончигийн Батмөнх, 1945 оны дайнд оролцсон 8 дугаар морьт дивизийн байлдагч, ахмад дайчин Дэмчигийн Ишгомбо, Доржийн Сэр-Од, Өвгөний Шонхор, тухайн үед Хилийн цэргийн Хэрлэнгийн 31 дүгээр отрядын цэрэг байлдагч Төмөрийн Бат-Очир, мөн 8 дугаар морьт дивиз 23 дугаар хороо 6 дугаар сумангийн нам эвлэлийн дарга Эрэнцэнгийн Лувсанбалдан нарын 40 гаруй ахмад дайчид болон тэдний үр хүүхэд, ач зээ хүрэлцэн ирсэн.

Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцож байжээ. Өдгөө 1939, 1945 оны дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн бий.

Сануулахад, 1945 онд Сайншандад байрлаж байсан хурандаа И.С.Дорожинский даргатай мото буудлагын 27 дугаар тусгай бригад, хурандаа Нянтайсүрэнгийн командалсан мото механикжуулсан хуягт бригад Хятадын бүх ард түмнийг Японы милитаристуудаас чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж ялалт байгуулсан түүхтэй. Энэ дайнд Дорноговь аймгийн Иххэт сумын иргэн Д.Данзанваанчиг болон дээрх ангиудад алба хааж байсан Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар баатарлагаар тулалдаж, Монгол Улсын баатар цолоор шагнуулсан юм. Японы  милитарист хүчний давтагдашгүй цайз хэмээгдэж байсан, Жанчхүүгийн даваан дээр бэхлэлтийг эзлэн авах тулалдаан 1945 оны наймдугаар сарын 19-21-ний хооронд болсон байна. Гурван хоног үргэлжилсэн энэ ширүүн тулаанд Монгол ардын хувьсгалт цэргийн армийн 21384 дайчин оролцож, 13 нь амь үрэгдсэн юм. Дайсны пулемётын галын цэгийг устгах даалгавараа нэр төртэйгээр гүйцэтгэхдээ 11 удаа шархдан амь үрэгдсэн Монгол Улсын баатар, пулемётчин Л.Аюуш, дайснуудын тасалсан холбооны утсыг олж залгахаар галын шугам руу мөлхөж яваад хоёр удаа шархадсан ч тасарсан утасны хоёр үзүүрийг амандаа зуун эрдэнэт биеэрээ холбоо дамжуулсаар амиа алдсан холбоочин М.Жанчив нарын 13 монгол хүү Жанчхүүгийн даваанд үүрд нойрсчээ. Дээрх баатруудын дурсгалыг хүндэтгэж Сайншандын төвд зургаан баатрын хөшөө сүндүүрлүүлсэн түүхтэй.

Хуягт бригадаас төрсөн зургаан баатрын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

  1. Лувсанцэрэнгийн Аюуш (1922-1945)

  2. Магсарын Жанчив (1923-1945)

  3. Сэнгийн Дампил (1922-1991)

  4. Дашийн Данзанваанчиг (1918-1981)

  5. Дүгэрийн Нянтайсүрэн (1910-1984)

  6. Түүвэйн Дүүдэй (1921-2000)

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19-д, Дорноговь аймагт энэ сарын 21-нд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Харин ирэх баасан гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо баярын хурал, тусгайлсан арга хэмжээ болох юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж