Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар дагах барилдаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар дагах барилдаан хийнэ

-Астанагийн татамид өнөөдөр гарсан манай дөрвөн жүдочоос  Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар дагах барилдаанд үлдээд байна-

Казахстаны нийслэл Астана хотод болж буй жүдо бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж байгаагаас манай бөхчүүдээс Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар медалийн төлөө өрсөлдөхөөр үлдээд байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д "D" хэсгийг тэргүүлсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд Сербийн В.Марко, Украины Гевог Хашатриан нарыг хожиж, шөвгийн наймд үлдээд байсан. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Елдос Жумакановт ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд А.Цолмон эхний тойрогт гоц мөргөсөн ч Канад, ОХУ-ын бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдээд байсан. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Туркменистаны Гулбадам Бабамуротовад сууж үүрэх мэхэнд цэвэр хожигдлоо. Ингэснээр манай бөх торгуулийн барилдаан хийхээр боллоо.

Ийнхүү шөвгийн наймд үлдээд байгаа Д.Төмөрхүлэг, А.Цолмон нар торгуулийн барилдаан хийх бөгөөд ялсан тохиолдолд хүрлийн төлөө барилдах юм.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан дэлхийн аварга Х.Цагаанбаатар эхний тойрогт Аргентинийн П.Гонзалесг дарах мэхээр цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын Х.Камалд цэвэр даруулснаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Бундмаа АНУ-ын Ажеликата, БНСУ-ын Ким Ми Риг ялсан ч ОХУ-ын Наталья Кизютинад нэг торгуулийн зөрүүгээр ялагдан шөвгийн наймд үлдэж чадсангүй.

Астанагийн татамид өнөөдөр гарсан манай дөрвөн жүдочоос хоёр нь дагах барилдаанд үлдээд байгаа бөгөөд шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж