Үзэсгэлэнгийн танхим мэт нүхэн гарц

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнгийн танхим мэт нүхэн гарц

Үзэсгэлэнгийн танхим мэт нүхэн гарц

Хашааны гадаа халтар болтол тоглож буй хүүхдүүд.  Тэрэг түрж ус зөөж яваа гэр хорооллын жаалууд. Зураг бүхэн өөрийн өгүүлэмжтэй. Зураг бүхэн өөрийн өнцөгтэй. Өдөр шөнө, өглөө оройн алинд ч тэдгээр зургуудийг очоод сонирхоход болно.

Хэн дуртай бүхэнд үүд нь байнга нээлттэй, үнэ төлбөргүй  үзэсгэлэн. Энэ бол “Хүнсний 20”-ийн нүхэн гарц. Хүүхдээ хөтөлсөн ээж аавууд, ганцаараа алхаж буй бүсгүй,  залуу хосууд хөгшин, хөвөө хэн бүхэн энэхүү нүхэн гарцаар гарахдаа нүд, тархиа хэсэгхэн ч болов амраах нь харагдав.

 Хананд өлгөсөн зургуудыг харж нэлээн зогслоо. Нүд баясаж, тархи амарч, сэтгэл сэргэв. Харанхуй байсан нүхэн гарцыг ингэж “гэрэлтүүлж” болдог ажээ. Энд нийтдээ 16 гэрэл зураг байна. Монголчуудын аж амьдрал, түүх соёл, ёс уламжлал, эгэл амьдралыг дурандаа буулгаж эсвэл бийрээр өнгөтэй юм шиг дүрсэлснээ энд өлгөхөөр шийджээ.Энэ бол зураач, дизайнер, гэрэл зураг сонирхогч Э.Есүнгэний “No mad” баримтат гэрэл зургууд. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ulaanbaatar public art week”-ийн хүрээнд нүхэн гарцад  бүтээлээ тавьж буй гэдгээрээ онцлогтой. Энэ талаар бид Э.Есүнгэнтэй уулзаж тодрууллаа.

-Яагаад гэрэл зураг сонирхох болсон бэ, үзэсгэлэнд тавигдсан зургуудийн агуулга, утга санаа юу вэ?

-Би дизайнер мэргэжилтэй. Визуал арт тал руугаа илүү төвлөрч ажилладаг. Баримтад гэрэл зураг их сонирхдог. Ингэхдээ байгаа байдлыг бодитоор нь зургийн хальсанд буулгахыг хүсдэг. Энэ удаа “Ulaanbaatar public art week” арга хэмжээнд миний төсөл шалгарч, зургаа олон нийтэд дэлгэх боломж олдсонд баяртай байна. 2018 оноос авч эхэлсэн зургууд тавигдсан байгаа.

Гэрэл зургийн утга санаа гэвэл, ерөнхийдөө хотын эргэн тойрон амьдарч буй иргэд Монголын уламжлалт хэв маягаа хэрхэн авч үлдсэн бэ, нүүдэлчин соёлыг нийслэлийн хэмнэлд яаж алдахгүй хадгалж вэ гэдгийг харуулахыг зорьсон.

Ерөнхийдөө миний дэлгэсэн гэрэл зургууд Монголын аж байдлыг харуулсан мөртлөө нөгөө талдаа магадгүй настай хүмүүст таалагдахгүй байж болох юм. Тухайлбал, энэ гэрийн тооноор харж байгаа хүүхдүүд байна. Бидний өвөө, эмээ бага байхад тооноор харж болохгүй, муу ёртой гэж сургадаг байсан шүү дээ. Тэнд мөн усанд орж байгаа эмэгтэйн зураг байна. Хэтэрхий задгай, эрээ цээргүй харагдаж болох юм. Гэхдээ энэ бүхэн монголчууд бидний аж байдал, амьдрал ахуй, уламжлал, зан заншил юм.

-Өмнө нь зургуудаа үзэсгэлэнд үнэ төлбөртэй тавьж байсан уу, энэ удаа нүхэн гарцад дэлгэсний онцлог, давуу тал юу байна?

-Ер нь бол стандартын галерейд үзэсгэлэн гаргавал бизнесийн хэв маяг ороод явчихдаг. Энэ удаа нүхэн гарц зассан компаний тусламжтайгаар нийтэд зориулсан гудамжны үзэсгэлэнд бүтээлээ үнэ төлбөргүй дэлгэж байна. Монголд энэ чиглэл хөгжөөсэй гэж би байнга бодож явдаг байсан л даа. Энэ хүсэл маань биеллээ. Хотын төвийн энэ хэсгээр хүмүүсийн амьдралын нэг урсгал явж байгаа.

Бүгд завгүй, яарсан, ямар нэгэн бодолд дарагдсан байдалтай. Тэд өдөр тутмын амьдралын хэв маяг, харах өнцөгтөө дассан байна. Үүнийг өөрчилж, тэдэнд эерэг хандлага төрүүлэх, магадгүй мартагдсан байсан мэдрэмжийг сэрээхийг хүссэн.

Монгол гэрт өссөн хүн энэ гарцаар гарахдаа эргээд хүүхэд насандаа эргээд очсон мэт сэтгэгдэл төрөх байх гэж бодсон. Гэрэл зургаар дамжуулан мартагдсан ахуй, амьдрал, бодит байдлыг харуулахыг хүссэн гэх үү дээ.

-Хүмүүс хэр сонирхож байна, өөрт чинь ямар нэгэн сэтгэгдэл ирэв үү?

-Зарим нь утсаар яриад, бодолд автаад харах сөхөөгүй зөрж байна. Нөгөө хэсэг нь анхаарлаа хандуулаад ойлгож үзэж байна, бүр дахин дахин харж буй хүмүүс байна гээд сонирхох байдал янз бүр байна. Хүмүүсээс сөрөг сэтгэгдэл ирж магадгүй гээд би сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байсан. Гэтэл олон нийт маань үнэхээр сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Ялангуяа настай хүмүүс их тогтож үзэж байна лээ. Тэдний хувьд Монгол ёс заншил, ахуй амьдрал, уламжлал гэдэг хамгийн үнэтэй зүйл. Дээр нь хүүхэд насных нь дурсамж санагдаж байгаа болов уу.

“Нүхэн гарц”-д нэлээн саатаж, гэрэл зураг сонирхсон нэгэн иргэнтэй бид уулзаж, сэтгэгдэлийг нь сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Энхтайван:

-Та эдгээр зургуудыг нэлээн сонирхож харлаа. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Гоё байна. Уг нь нүхэн гарц руу орсон юмсан. Гэтэл гэрэл, гэгээтэй үзэсгэлэнгийн танхим руу ороод ирлээ шүү дээ. Өмнө нь харанхуй нүхээр ам, хамраа дараад арайхийж гардаг байв. Одоо сайхан болжээ. Гэрэл зургийн хувьд яг л бидний бодит амьдрал байна. Ийм зураг хүний сэтгэлд илүү хүрдэг. Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Зурагт гээд гэр хорооллын амьдралын хэв маягийг ямар ч нэмэлт хачиргүйгээр буулгаж чадсан сайхан бүтээл байна.

Өмнө нь Монголчууд ингэж амьдарч байсан, одоо ч ийм л байгаа, цаашид ч энэ уламжлал хадгалагдсаар байна. Сайн, муу аль нь ч байсан энэ бол Монголчууд бидний амьдралын бодит үнэн.

Сүүлийн үеийн залуучууд юмыг их өөр өнцгөөр, гоё сэтгэдэг болжээ, баяр хүргэе! Хотын бусад нүхэн гарцуудыг ийм байдлаар тохижуулаасай гэж хүсэх байна даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж