Олон сар жилээр гацсан авлига, албан тушаалын дуулиант хэргүүдийг хөдөлгөж эхэлснийг хууль хяналтын байгууллагууд ээлж дараалан мэдээлж буй. Томоохон хэргүүдийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
М.СОНОМПИЛД ХОЛБОГДОХ ХЭРЭГТ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.08/ болж шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ шалгасан юм.
Тухайлбал,прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.
Ц.САНДУЙ, ТҮҮНИЙ ОРЛОГЧ А.ГАНБААТАР НАРЫГ АРАВДУГААР САРЫН 22-НД ШҮҮНЭ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 7-ны өдөр боллоо. Шүүхээс гэм буруугийн хурлыг аравдугаар сарын 22-нд товлов. Тэднийг төрийн албыг хууль бусаар авах оролдлого хийсэн гэх зүйл ангиар тэднийг шүүх юм.
Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хүргүүлсэн билээ.
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ДАХИН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БУЦААВ
Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2019.10.08/ боллоо. Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаалаа.
Дээрх есөн хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу “Хууль бусаар эрүүдэн шүүсэн, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарыг төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр шүүж байгаа юм.
Д.ГАНТУЛГАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХОЙШЛОВ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч Баасан гаригт болсон. Урьдчилан хэлэлцүүлгээс яллагдагчыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдөр товлов. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж эхэлсэн билээ.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦАВ
“Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өнгөрөгч Даваа гаригт /2019.10.07/ Улсын дээд шүүхэд боллоо. Ш.Батхүү нь шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул шүүх хуралдаан хуралдах үндэслэл бүрдсэнгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.
Хэргийг тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группийн захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн. Ш.Батхүүд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил хоёр сар өнгөрчээ. Тухайлбал, “Жаст” группийн захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн.
Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа аж.
Холбоотой мэдээ