Түүх, дурсгал, урлагийн өв болсон музей, театруудын барилгыг нурааж, шинээр барих асуудал нийгэмд багагүй талцал, маргаан үүсгээд байгаа билээ. Нураах жагсаалтад орсон барилгуудын нэг бол Байгалийн түүхийн музей. Уг асуудлаар Монголын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч, зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарын эсрэг тэсрэг байр суурийг энэ долоо хоногийн “VS” булангаараа онцолж байна.
Ё.БААТАРБИЛЭГ:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
-Соёлын байгууллагуудыг шинэчлэх ажлыг эсэргүүцэж байгаагаа нэр бүхий улстөрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс мэдэгдсэн. Тийм болохоор би Улсын төсөвт төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийг Төсвийн тухай хуульд зохицуулалт хийж, манай боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэхэд зарцуулах санал хүргүүлж байна. Маш харамсалтай байна.
Байгалийн түүхийн музейн барилгыг анх 1952 онд хөдөө аж ахуйн техникумын барилгын зориулалтаар зураг төслийн гаргаж байсан түүхтэй. Сүүлийн үед энэ барилгыг анхнаасаа музейн зориулалтаар барьсан, соёлын үнэт өв гэдэг мэдээллүүд яваад байгаа учраас анхны зураг төслийг танилцуулж байгаа юм. Боловсол, соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны шийдвэрээр Байгалийн түүхийн музейг буулгах, шинээр барих ажил эхэлсэн. Тэр ондоо улсын төсвийн хөрөнгөөр зураг төсвийн ажлын тендер зарлагдаж, “Балданс” гэдэг компани шинэ зураг төслийг хийсэн. Энэ зургийг дахин боловсруулж, сайжруулаад “Чингис хаан” музейг байгуулахаар шийдвэр гарсан юм.
Энэ музейн барилгыг буулгаж, шинээр “Чингис хаан” музейг байгуулахаас өөр арга байхгүй. Энэ барилгаа өөрөө нурах хэмжээнд хүрчихээд байхад ямар нэг байдлаар улстөржүүлж, захиалгатайгаар мушгин гуйвуулж соёлын үнэт өв мэтээр олон нийтэд тайлбарлаж байгаад харамсаж байна. Сүүлийн хэд хоног энд суулт хийж, олон нийтийг турхирсныг сайтар ажиглалаа. Тэр хүмүүс “Энэ барилгыг буулгаж болохгүй” гэж хэлээд байгаагаас яагаад буулгаж болохгүй, хэрхэн засаж сайжруулах боломжтой гэдгийг хэн ч ярихгүй байна.
Э.ХҮРЭЛБААТАР:
Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, Зөвлөх архитектор
-Монгол Улс хот байгуулалтынхаа түүхэнд хотынхоо түүхэн өв болсон бүхий л юмсыг нураадаг болох нь. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр бүхий л сүм хийдээ нураасан. Одоо Гандан, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон гурваас өөр жуулчдад нүүр талхлах юм байхгүй. Түүхэндээ 700 гаруй сүмээ нурааж, түүхэн дурсгалуудаа үгүй хийсэн шүү дээ. Гэтэл өнөөдөр XX зууны түүхэн сонгодог барилгуудаа нураана гэж дайраад байх юм. Хэн ч харсан Байгалийн түүхийн музейн барилгыг үнэхээр сонгодог түүхэн барилга гэдгийг нь мэднэ. Барилгыг анх барихад долоо, найман баллын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг нь тухайн үеийн инженерүүд тооцож, ханын зузаан, хаалга, цонхны өргөн гэх мэт барилгын бүхий л хэсгийг тооцож, барьсан учраас газар хөдлөлт болоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр барилгыг үнэ цэнэгүй болгох гэж санаатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьж байна. Гэтэл долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн нотолгоо алга.
Байгалийн түүхийн музейн барилгын багана дэлхийд хаана ч байхгүй. Зөвхөн монголд л байна. Дуурайлгаж хийгээд ч үнэ цэнийг нь хэвээр хадгалахгүй. Чанарын хувьд хэвийн, тэсвэрлэлт даахаар барилга гэж инженерүүд тооцож байгаа шүү дээ. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийн нийслэлийн мэргэжлийн хяналтын ганцхан хүн л ярьдаг. Гэтэл үүнийг нь баталгаажуулдаг газар байхгүй. Тиймээс л гадаадын экспертүүдийг урилгаар авчирч шинжилгээ хийлгэж сайн гэдгийг нь батлуулсан ч ойлгохгүй байна.
Угтаа бол тухайн үеийн нийгмийн өнгө төрхийг харуулсан барилгуудаа ад үзэж буулгах, томруулах биш түүхэн барилга гэдэг үүднээс нь харж хойч үедээ үлдээх, хадгалж хамгаалах, сэргээн засварлаж авч үлдэх ёстой. Төрөөс түүхэн дурсгалт барилгыг ашиглагчдыг хариуцлагатай болгох тал дээр анхаарах ёстой. Энэ бол үнэхээр төвөгтэй асуудал ч гэсэн дэлхий нийт зохицуулсан жишээ олон бий. Шаардлага хангахгүй байсан ч хадгалж хамгаалаад хойч үедээ түүх болгох үлдээх ёстой. Үнэхээр шаардлага хангахгүй л байгаа юм бол орчин үеийн шаардлага хангасан шинэ театр, музейгээ хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу зөв байршилд барих шаардлагатай. Хуучны түүх, он цаг харуулсан түүхэн барилгыг буулгаж дахин шинэчилснээр түүхэн болохгүй шүү дээ.
Байгалийн түүхийн музейг Азийн Архитектурын өвийн санд албан ёсоор бүртгүүлсэн учраас барилгыг буулгах эрх хэнд ч байхгүй. Байгалийн түүхийн музейн барилгын багана гэхэд л дэлхий дээр хаана ч байхгүй. Монголын алтан үеийн урчууд урлаж байлаа шүү дээ. Монголын соёл уламжлал болсон соёлын өв шүү дээ. Үүнийг дахиад хийлээ гэхэд анхны үнэ нь алдагдана. Нийт Монголын архитекторууд Байгалийн түүхийн музейг буулгах, сууринд нь Чингисийн өв соёлын хүрээлэнг байгуулахын эсрэг байр суурьтай байна. Улаанбаатар хотын түүхгүй болох нь.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ