Трамп буланд шахуулав

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Трамп буланд шахуулав

Трамп буланд шахуулав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө огцорч мэдэх нөхцөл байдал үүссэн. Энэ эгзэгтэй үед Сири улсаас АНУ-ын цэргийг гаргах шийдвэрээсээ болж Бүгд найрамдах намынхныхаа дэмжлэгийг ч алдаж, Дональд Трамп буланд шахагдаж эхэллээ. Өөрийг нь үргэлж хамгаалдаг Сенатын танхимын дарга Митч МакКоннель ч Сири улсаас АНУ цэргээ гаргаснаар нөхцөл байдал ОХУ, Ираны дэмжлэгтэй ерөнхийлөгч Башар аль-Ассадын талд ашигтайгаар эргэнэ хэмээн хурцаар шүүмжилжээ. Америк цэргүүд Сирийг орхисноор “Исламын улс” зэрэг бусад террорист бүлэглэлүүд дахин хүчирхэгжихийг ч анхааруулжээ. Дональд Трамп Ням гаригийн орой Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсны дараа Цагаан ордноос Сири-Туркийн хилээс АНУ цэргээ эргүүлэн татахаар шийдвэрлэснийг зарласан юм. Сирийн хойд хэсгээс АНУ-ыг цэргээ гаргахаа зарласны дараа Турк улсаас курдуудын хяналтаа тогтоосон бүсэд цохилт өгөхөө мэдэгдсэнээр нөхцөл байдал хурцдав. Турк улсаас Сирид цэргийн ажиллагаа явуулахаа төлөвлөсний эсрэг Дональд Трамп эдийн засгаа сүйрүүлэхийг хүсээгүй бол бодолтой байхыг Анкарад анхааруулсан юм. Курдын зэвсэгт дайчид нь АНУ-ын цэргүүдтэй хамтран Сири улс дахь “Исламын улс” бүлэглэлийг дарахад оролцсон юм. Курдууд тусгаар тогтносон улс болохыг тулд Турктэй сүүлийн 40 гаруй жил тэмцэлдэж, олон мянган хүн амь үрэгджээ. Пентагоноос курдын дайчид болон сирийн сөрөг хүчнийг дэмжихэд зориулан 300 сая ам.долларыг 2020 оны төсөвт суулгах санал оруулсан. Трампын шийдвэрийг өмнө нь НҮБ дэх АНУ-ын элч төлөөлөгчөөр ажиллаж байсан Никки Халей хүртэл буруушаан холбоотноосоо урвасан үйлдэл хэмээн шүүмжилжээ.

ТРАМПАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ҮҮ?

АНУ-ын ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшихээ илэрхийлсэн Дональд Трамп өрсөлдөгч Жо Байдены талаар мэдээлэл олж өгөхийг Украины ерөнхийлөгчөөс  хүссэн утасны яриа нь ил болсноор шүүмжлэлд өртжээ. Жо Байден хүүгийнхээ Украины дахь бизнест туслахын тулд Украины удирдлагуудад нөлөөлөх гэж оролдсон гэж Цагаан ордны тэргүүн үзэж, энэ талаарх шалгалтыг явуулахыг  Украины ерөнхийлөгчөөс хүссэн аж. Харин сөрөг хүчнээс түүний үйлдлийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн оролцоог дэмжиж, ноцтойгоор хууль зөрчсөн үйлдэл хэмээн буруутгаж, итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулахыг шаардаж байна. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг Сенат дангаар шийдэх эрхтэй. Нэгдсэн улсын ерөнхийлөгчийг эх орноосоо урвах, авлига авах эсвэл бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд итгэл үзүүлэх эсэх санал асуулга явуулан огцруулахыг зөвшөөрдөг. Үйл явц парламентын Төлөөлөгчдийн танхимд итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг явуулахыг баталснаар эхэлдэг. Одоогийн байдлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд 235 суудалтайгаар Ардчилсан нам олонх байна. Дараа нь АНУ-ын Дээд шүүхийн шүүгч үйл явцыг даргалж, ерөнхийлөгч нь яллагдагч, Сенатын гишүүд нь шүүгчийн хувиар оролцдог аж. Сенатын танхимын 100 суудлын 53-ыг нь Бүгд найрамдах намын гишүүд эзэлж буй.  Өмнө нь 1998 онд Билл Клинтон, 1868 онд Эндрю Жонсон нарыг итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар явуулж байсан бол 1974 онд Ричард Никсон санал хураалтаас өмнө өөрийн хүсэлтээр огцорчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж