Нүүрс түлэхийг хориглосноор ханиад томуу буурсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

Нүүрс түлэхийг хориглосноор ханиад томуу буурсан уу?

Нүүрс түлэхийг хориглосноор ханиад томуу буурсан уу?

Халаалтын улирал эхэлмэгц хоолой багалзуурдсан утаатай, нийслэлийн саарал өдрүүд эхэлдэг. Харин энэ жил хот утаа униар багатай  харагдана. Цаг агаар тогтуун, намрын налгар өдрүүд үргэлжилж буй нь  нөлөөлсөн үү, эсвэл түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбоотой юу гэдгийг айсуй өвлийн хүйтэн өдрүүд харуулах биз.

Ямартай ч өдийд хоолой багалзуурдсан гашуун утаандаа хордож, ханиалгаж, бөөлжсөн, халуурсан хүүхдүүд өрх, дүүргийн эмнэлгүүдээр дүүрч, эмчийн хаалга сахисан эцэг эхчүүдийн урт дараалал үүсдэг байсан билээ.

Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох шийдвэр хэрэгжиж эхлээд дөрвөн сарын хугацаа  өнгөрч байна. Түүхий нүүрс түлэхээсээ татгалзсан нийслэлийнхний хувьд амьсгалын замын халдварт өвчний дэгдэлт, томуу томуу төст өвчин буурч, эмнэлгийн ачаалал багассан уу гэдгийг сурвалжлахаар  Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг дээр  ажлын цаг тарах үеэр очлоо.

 Эмнэлэгийн ачаалал  ч багатай байв. Тус эмнэлэгт өчигдөр оройны байдлаар  хоёр эмч жижүүрээр ажиллаж, хүүхдүүдэд үйлчилж байсан юм.

ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ  АЖИЛ ТАРАХ  ЦАГААР ИХСЭЖ БАЙНА

Түүхий нүүрсийг хориглох шийдвэр гаргаснаас хойш  томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч, эмнэлгийн ачаалал буурсан эсэхийг  Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг хариуцсан жижүүр эмчээс тодруулсан юм.  “Түүхий нүүрсийг хориглосон Засгийн газрын шийдвэр гарсан. Зуныг бодоход ачаалал ихтэй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад  томуу, томуу төст өвчний тархалт буурсан” гэлээ.

Эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь ханиалгаад эмэнд дарагдахгүй байгааг, өрхийн эмнэлэгт үзүүлсэн ч хүүхэд нь эдгэргүй хүндэрсэн, хатгаа болсон, өндөр халуурах үед хүүхдийн түргэн тусламж ирээгүй гэсэн шалтгаанаар харьяа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхээр иржээ.

ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ӨМНӨХ ЖИЛҮҮДЭЭС БУУРЧ, ӨРӨӨ БОЛГОН ОРТОЙ БАЙНА

Иргэн Н.БЯМБАСҮРЭН

 

-Эмнэлгийн ачаалал харьцангуй буурсан юм шиг санагдлаа. Өрхийн эмнэлэгт үзүүлсэн. Эм уулгасан боловч халуун нь буурахгүй болохоор түргэн тусламж дуудсан боловч ирсэнгүй. Тиймээс өөрсдөө л дүүргийнхээ эмнэлэгт ирж байна. Манай хүүхэд 10 сартай болохоор томуу, томуу төст өвчний эсрэг вакцинд хамрагдах болоогүй байгаа.Эмч нар вирусийн эсрэг эм бичиж өгдөг боловч үр дүнгүй байгаа болохоор хөдөө л гаръя гэж бодож байна.

Иргэн Н.ГАНХУЯГ

-Манай хүүхэд хоёр настай. Хэдэн өдөр ханиалгасан учраас шууд л дүүргийнхээ эмнэлэгт ирж байна. Одоогоор ачаалал алга. Манайх байшинд амьдардаг. Түүхий нүүрсийг хориглосноор ханиад томуу томуу төст өвчний дэгдэлт багасах эсэх нь дүн өвөл мэдрэгдэх байх.

Иргэн Б.БОЛОРСҮРЭН: 

-Эмнэлэг ачаалал багатай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өрөө болгон ортой, харьцангуй буурсан л санагдлаа. Эмнэлэгт хэвтээд арав хонож байна. Манай хүүхэд дөрвөн настай. Даарснаасаа болоод ханиад хүрч, хатгаа авчихсан. Манайх хашаа байшинд амьдардаг юм.

Иргэн Р.ХИШИГЖАРГАЛ: 

-Хүүхэдтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхэд маань дөрвөн настай. Ханиад хүрч, хатгаа болсон. Бид хоёр өрхийн эмнэлэгт үзүүлж эм бичүүлж уусан боловч эмэнд ханиад нь дарагдахгүй, хүндэрсэн гэв.

Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авчээ.  Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байгаа юм.

Жил жилийн өдийд ханиад томууны дэгдэлтийн үеэр эмнэлэгт хэвтэх ор хүрэлцэхгүй, эмнэлгийн хонгилд эвхдэг ор тавиад өвчтөнгөө авдаг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд урт намар болж буй нь нөлөөлсөн үү, эсвэл түүхий нүүрсийг хориглосон нь үр дүнд хүрэв үү гэдгийг мэдэхгүй ч ганцхан дүүргийн эмнэлгээр ороод гарахад ханиад хүрсэн, хатгаа авсан хүүхдээр эмнэлэг дүүрсэн байдаг дүр зураг ажиглагдсангүй. Эмнэлгийн өрөөнүүд харьцангуй сул байна гэж хэвтэн эмчлүүлж буй ээжүүдийн хэлснээс үзвэл эмнэлгүүд ачаалал багатай байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж