Хотын гудамжаар алхаж явахад алхам тутамдаа хэн нэгний нийсэн, хаясан нус цэртэй байнга тааралдах нь хэвийн үзэгдэл болсон. Автобусны буудал дээр нусаа хүрхийтэл нийж, шүлсээ эрээ цээргүй хаях хүмүүс цөөнгүй. Бүр машин унаа, автобусын цонхоор шүлсээ хээв нэг хаях хүмүүс ч бий. Нүүдэлчин монголчууд энэ унаган орк зангаа хэзээ засахыг хэлж мэдэхгүй. Хотын соёлын тухай хотын "нүүдэлчид"-тэй яриад ч нэмэргүй. Энэ мэт оркуудад хариуцлага тооцох журам уг нь бий. Гэвч, торгодог нь ховор, торгуулдаг нь цөөн болохоор Улаанбаатарын нус цэрний асуудал дийлдэхээ больжээ. Өвөл болохоор нур цэрэндээ бүр дарагддаг гэхэд дэгсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Азийн цагаан дагина гэгддэг байсан Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотуудын нэг болсон. Үнэндээ гудамжинд нус цэрээ ичиж эмээлгүй хаяж байгаа иргэд голдуу эрчүүд байх нь бий.
Бидний энэ соёлгүй үйлдэл гадаадынхны нүдэнд өргөс мэт харагддаг бололтой. Энэ талаар монгол судлаач Японы эрдэмтэн Кимура Аяако номдоо “Гудамжинд яваа монголчууд нэг хуруугаараа хамрын нэг нүхийг таглан нусаа нийнэ. Эсвэл цэрээ амаараа хаяна. Бараг л эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуугүй, хүн бүр уг үйлдлийг гаргадаг. Энд тэндгүй шар, ногоон, цустай, цусгүй, нус цэрээ хамаагүй хаяна” гэх мэтчилэн өөрийнхөө харсан, ой гутам дүр зургийг бичсэн байдаг билээ.
2017 онд УИХ-ын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Зөрчлийн тухай хууль тавдугаар бүлгийн 1.1 зааснаар Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэвч өнөөдөр уг хууль хэрхэн хэрэгжиж байгааг Улаанбаатарын гудамжаар яваал үзэхэд тодорхой болно. Хэн нэгнийг торгож байж асуудлыг шийдэхээсээ илүү иргэд өөрсдөө бие, биедээ хүндэтгэлтэй хандвал амархан шийдэгдэх жижигхэн асуудал. "Эх орон, газар шороо минь" гэж хэлбэрийн төдий цээжээ дэлдэж, худлаа омогшихоос илүү хаа таарсан газраа нус цэр, тамхины ишээ хаяхаа л больчихвол эх орон чинь баярлах биз. Шулуухан хэлэхэд, тархиндаа нус цэртэй хүмүүс хотдоо нус цэрээ хайр найргүй хаядаг ч байх.
Орк иргэдээ "хүмүүжүүлэх" хуулийн хэрэгжилтийг хянах, шаардлага тавих эрх бүхий байгууллага нь цагдаагийнхан. Гэвч, тэдэнд хэн нус цэрээ хаях вэ гэдгийг үргэлж, хянаад, торгоод явах боломжгүй. Иргэд өөрсдөө л ухамсараараа шийдэх асуудал. Харамсалтай нь, ухамсараа уландаа гишгэчихсэн оркуудын хувьд хаясан шүлс, нус цэрээрээ эргээд амьсаглаж байгаа, энэ нь өөрт нь болоод бусдад өвчин тараах нян болж буйг ойлгодоггүй биз.
Хот нь бохир, иргэд нь заваан. Ийм байж эх орон, монгол хүн гэж худлаа омогшихоосоо ичээсэй, энэ улаанбаатарын "нүүдэлчид".
Э.БУРАМ
Холбоотой мэдээ