Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд шинээр элссэн 200 гаруй суралцагчид цэргийн тангараг өргөлөө. Энэхүү ёслолын ажиллагаанд Хууль зүйн яам, түүний харьяа агентлаг, Их сургуулийн бие бүрэлдэхүүн, суралцагчдын ар гэрийнхэн оролцсон юм.
Суралцагчид Баянзүрх дүүргийн ХХ хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт өнгөрсөн долдугаар сарын 21-нээс энэ сарын 25-ныг хүртэл байрлан суралцлаа.
Суралцах хугацаандаа цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэл зүйн хувьд төлөвшиж, зөв хүн болж төлөвших, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадвар эзэмшжээ. Суралцагчид энэхүү сургалтын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох, цэргийн дүрмийн хичээл, галт зэвсгийн хичээл зэрэг найман төрлийн 260 цагийн хичээлийг судалсан байна.
Тэд ийнхүү цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад амжилттай суралцаж, цэргийн тангараг өргөснөөр Хууль сахиулахын их сургуулийн үндсэн сонсогч болж, суралцах эрх нь нээгдэж буй юм. Ингэснээр хичээлийн шинэ жилээс хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын ирээдүйн боловсон хүчин болон бэлтгэгдэнэ.
Хууль сахиулахын их сургуулийн удирдлагууд энэ жил Цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтын төвийг тохижуулах чиглэлээр тодорхой бодлого барьж ажилласан байна. Тодруулбал, суралцагчдын амрах байрыг бетонон шалтай болгож, штаб, гал тогоо, эмнэлэг, хичээлийн байр, соёл, олон нийтийн ажил явуулах байрыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 46 хүний багтаамжтай суралцагчдын хоёр байрыг ашиглалтад оруулж, сургалтын төвийн гэрэлтүүлэг, камерын хяналтыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.