Сүүлийн өдрүүдэд зургаан эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг сайжруулсан түлшнээс болсон, болоогүй гэх маргаан монголчуудын дунд өрнөж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 118 иргэн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан бол найман иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал маш хүнд байна гэдгийг албаныхан өгч буй. Мэдээж шинэ зүйл бүхэн сорилттой тулж болох ч тэр нь хүний амь байж болохгүй. Тиймээс ч энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ, хэн нэгэн дарга албан тушаалаа өгөөд л дуусах уу эсвэл гээд олон асуудал хөвөрч байна. Мэдээж сайжруулсан түлшнээс болж зургаан амь эрсэдсэн харамсалтай хэрэгт бас түлшний талаарх мэргэжлийн байгууллагууд нь асуудалдаа шийдэл олж, арга хэмжээ авах биз ээ.
Ирэх өдрүүдээс хүйтний эрч чангарч, сайжруулсан түлш тойрсон асуудал намжихгүй л болов уу. Гэхдээ энэ бол улстөржүүлэх асуудал огтоос биш боловч хүссэн хүсээгүй улс төрийн гол сэдэв боллоо. Өчигдрөөс эхлэн Ардчилсан намынхан дуу дуугаа авалцан мэдэгдэл хийж, нийтийн сонсгол хийх, иргэний нийгмийн байгууллагууд ч Хотын удирдлагууд, холбогдох албаныханд хариуцлага тооцуулахаар дуугарч эхлэв.
Үүнтэй зэрэгцэн МАН дотор ч байдал эвгүйтэж, Хотын даргыг огцруулах хүртэл асуудал сөхөгдөж болзошгүй байгаа гэх яриа нийслэл дэх МАН-ын бүлэг дотор яригдаж эхэлжээ. Мэдээж тэднийг буруутгаж болохгүй ч тунг нь хэтрүүлж үл болох сэдэв.
Хүйтний улиралтай зэрэгцэн нийслэл гэх том айлын хувь заяа хаашаа эргэх, 220 мянган айл өрх өнөөдөр гал залгах түлштэй байх, хүн амынх нь тал хувь амьдарч буй нийслэлчүүд утаатай байх, утаагүй байх асуудал Хотын удирдлагуудын хийх гол ажил. Өнөөгийн нөхцөл сүүлийн 20 жил ярьсан утааг бууруулах гол аргын нэг бол сайжруулсан түлшийг нэвтрүүлэх. Олон нийтийн болон нийслэлчүүдийн шүүмжлэл бол одоогийн байгаа түлшээ улам сайжруулж, аюулгүй ажиллагааг нь баталгаажуулах, ард түмнээ мэдээлэлжүүлж сургалт сайн явуулаач ээ л гэсэн олон хүмүүсийн бухимдал болохоос түүхий нүүрсээ “шахах” гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн сонирхлыг биелүүлэх халуун таван амь байгаагүй юм шүү. Түүгээр ч зогсохгүй аль нэг сөрөг хүчин, улс төрийн ашиг хонжоо хайгчдын ярих сэдэв бүүр ч биш шүү.
Гэхдээ нийслэл гэх том айлын толгойлогчийн хувьд Хотын дарга С.Амарсайханд харьяалагдаж, хамаарах асуудал мөн үү гэвэл мөн. Харин алдаагаа зөв тодорхойлж, ахин халуун амь эрсдэхгүй байх, буруутай бол буруутайд нь хариуцлага тооцох, шаардлагатай болохоос биш ашиг хонжоо хайгчид, улс төрийн нүүдэл хийгчдийн бай нь сайжруулсан түлш, тэр дундаа амь үрэгдсэн зургаан амь биш юм шүү. Хайран амь үнэгүйдэж, ашиг хонжоо өвөрлөгчид, улстөржилт нь хэрээс хэтрэхээс нь өмнө улс төрийн эр зориг гаргах галыг Хотын дарга өөртөө авсан нь зөв шийдэл ч болж мэдэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ