"Бидний амжилтын нууц уйгагүй хөдөлмөр"

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Бидний амжилтын нууц уйгагүй хөдөлмөр"

"Бидний амжилтын нууц уйгагүй хөдөлмөр"

Монголын оюун ухааны академийн тамирчид Азийн гурван удаагийн аварга болж, тэмцээний нийт 90 медалийн 67-г нь хүртсэн бахдам амжилт үзүүлээд байна. Энэ бүх амжилтын ард байсан дасгалжуулагч Б.Баасандоржтой амжилтынх нь талаар ярилцлаа. 


-Шавь нар нь 90 медалийн 67-г нь хүртэж, Азийн гурван удаагийн аварга болж, дэлхийн дөрвөн рекордыг шинэчилсэнд баяр хүргэе. Яаж ийм гайхалтай амжилтыг үзүүлж байна вэ?

-Баярлалаа. Бидний амжилтын нууц бол сайн аргачлал, сахилга бат, уйгагүй хөдөлмөр. Хэдий бэлтгэл дээрээ тамирчид маань маш сайн үзүүлэлт үзүүлж байгаа ч тэмцээн бол тэмцээн байдаг.  Алдаа гаргах тохиолдол цөөнгүй гарлаа. Гэсэн хэдий ч сэтгэл зүйн тал дээр нь анхаарч дараагийн төрлүүдэд нь хэрхэн ажиллах тал дээр хүүхэд бүрт зөвлөн оролцлоо.

-Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчид хэзээнээс оюун ухааны спортоор хичээллэж эхэлсэн бэ. Мөн тэмцээнд хэр урт хугацаанд бэлтгэсэн бэ?

-Энэ удаагийн шигшээ багаа 16 тамирчинтайгаар бүрдүүлсэн. Үүний 11 тамирчин нь анх удаа азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шинэ тамирчид. Бид сар гаруй хугацаанд нэгдсэн бэлтгэлдээ гарсан. Үүнээс өмнө Азийн аваргадаа бэлдэн наймдугаар сард Макаод болсон олон улсын тэмцээнд тамирчдаа сойж олон улсын тамирчидтай өрсөлдүүлж бэлтгэл базаасан.

-Энэ удаагийн тэмцээнд хэдэн орны тамирчин хүчээ сорьсон бэ. Бусад орны тамирчид монгол тамирчдыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ удаагийн тэмцээнд 13 орны 133 тамирчин оролцсон. Бусад орон биднийг хэдийнэ хүчирхэг баг гэж хүлээн зөвшөөрсөн гэдэг нь анзаарагдсан."Мальдив улсын тамирчин та хэдтэй нүүр тулж уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг. Оюуны спортод та нар бол мастернь шүү"гэж хэлсэн шүү.

-Өөрийгөө оюун ухааны спортоор хичээллэвэл амжилт үзүүлэх юм байна гэдгээ мэдэх арга байна уу?

-Мэдээж тамирчин болох нь хэн хүнд нээлттэй. Гэхдээ хамгийн чухал нь хандлага. Аливаад тууштай, хүнтэй хэрхэн харьцаж байна, өөрийгөө дайчлах чадвар гэх мэтчилэн олон талыг багш нар маань харж цаашид хөгжих боломжтой гэдгийг тодорхойлсноор шийдвэр гаргадаг. Сэтгэл гаргаагүй зүйлээсээ үр дүн бүү хүлээ гэсэн зарчмаар тамирчдаа бэлдэж байна даа.

-Оюуны спортоор хичээллэхэд, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход ямар асуудал тулгамддаг вэ?

-Хичээллэхэд бидэнд бэлтгэлийн программ, материал их дутмаг байна. Академи маань энэ тал дээр сүүлийн жил онцгой анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй шинэ программ маань бэлэн болно. Ингэснээр тамирчдын маань үр дүн сайжирч, цаг хугацаа хожих боломжтой болох юм. Олон улсын тэмцээнд мэдээж санхүүгийн асуудал л чухал байдаг юм. Бидний зүгээс шилдэг тамирчдаа хувийн компанид санал тавьж тухайн компанийн нэрийн тамирчин болгож байгаа. Ингэснээр тамирчид маань санхүүдээ санаа зоволгүй бэлтгэлээ хийж байна. Нэг үеэ бодвол компаниуд энэ спортыг мэддэг дэмжих хандлага өндөр байгаа.

-Та бага насны охинтой. Охиноо энэ спортоор хичээллүүлэх үү. Хүүхдийг хэдэн наснаас нь хичээллүүлбэл зохимжтой вэ?

-Манай охин одоо хоёр настай. Хүүхдийг аль болох багаас нь насных нь онцлогт тохирсон тоглоомоор хөгжүүлэх нь зүйтэй.

Эцэг эх ирээдүйд хүүхдийнхээ боловсролд бага мөнгө зарж , чанартай боловсрол олгоё гэж бодож байвал бага байхад нь хүүхдүүдтэйгээ ажиллах, их цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна.

Охиноо мэдээж энэ спортоор хичээллүүнэ. Гэхдээ өөрийнх нь хүсэл мөрөөдлийг нэгдүгээрт тавина.

-Заавал тамирчин болохыг зориогүй ч оюун ухааны спортоор хичээллэснээр амьдралд ашиглаж болох давуу талаас дурдахгүй юу?

– Тэгэлгүй яахав, манай спортын давуу тал нь амьдралд шууд нөлөөлдөг юм. Бидэнд утасны дугаар тогтоохоос эхлээд өдөр бүр л юм цээжлэх шаардлага гардаг. Ой тогтоолтоор хичээллэснээр юмыг цээжлэх, суралцахад илүү хялбар болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж