Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

ХОЛЫГ ХАРСАН ТӨСӨЛ

МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ


Монголд 1997 оноос хойш Францын төрийн өмчит “Орано” группийн хайгуулын салбар компани болох “Кожеговь” уран идэвхтэй хайжээ. Ингээд 10 гаруй жилийн дараа Монголын ураны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлэх хувьтай тохиолын эзэн болж, Зөөвч-Овоогийн ордыг 2010 онд илрүүлэв. Энэ амжилт нь Дорноговь аймгийн нутагт ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул/Өмнөтийн ордыг хамарсан гурван ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Монголын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Орано болон Мицубиши корпорацын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийг үүсгэн байгуулах суурь болсон байна. Тус компани хэтдээ зах зээлийн таатай нөхцөл бүрдсэн үед уран олборлож борлуулах боломжтой ураны хүдрийн баяжмал болох шар нунтаг экспортлох хэтийн зорилготой юм. Зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч “Бадрах Энержи” уран олборлох зорилготой байгаа нь тус хамтарсан компани өнөө маргаашийг харсан үйл ажиллагаа эрхлээгүйг нь баталдаг. Тэд зах зээлийн үнэ харж байгаад олсон ордоо зараад гарчихдаг компани биш.

“Бадрах энержи” нь уурхайлан олборлох бусад арга техниктэй харьцуулахад байгаль орчинд үзүүлэх нөлөөг ихээхэн хязгаарлах боломжтой дэлхийд өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт газар доор уусган олборлох технологиор уран олборлох юм. Тус компанийн хувь эзэмшигч Францын “Орано” групп төсөл бүрийнхээ техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасны дараа ордын гүн, агуулга, дагалдах элементүүд бий эсэх болон тухайн газар нутгийн геологи, байгаль орчны нөхцөл зэргээс хамааран хамгийн тохиромжтой аргаар хүдрийг олборлодог. Тус групп газар доор уусган олборлох технологийг амьдралд амжилттай нэвтрүүлж, хөгжүүлж өөрийн болтол эзэмшжээ. Тухайлбал, Казахстаны “Катко” уурхай энэ аргаар 15 гаруй жил уран олборлож байна. Өмнө нь АНУ-ын Вайоминг мужид ч ашиглаж байсан аж. Өдгөө дэлхийд олборлож буй ураны 50 хувийг энэ аргаар олборлож байгаа. Орд бүрт энэ сонирхол татахуйц технологийг ашиглах боломжгүй ч Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордод энэ аргыг ашиглах тохиромжтой геологийн тогтоц ашиглалтын нөхцөл бүрдсэн байна. Олон тооны техникийн судалгаа, шинжилгээ хийсний үр дүнд тус хоёр орд газар доор уусган олборлох технологийг ашиглах боломжтойг тогтоосон ба “Бадрах Энержи” компани Зөөвч-Овоо ордын талбайд үйлдвэрлэлийн туршилт гүйцэтгэх бэлтгэлээ хангаж байна. Арвин их газрын баялгаа ашиглан хөгжсөн улс орон олон. Баялгаа инноваци, технологи болгон ашиглавал тухайн улс илүү хүчирхэг болдог (тухайлбал, Канад, Австрали, Казахстан болон Норвегийн жишээг татаж болно). Тиймээс Монгол улс адаглаад цөмийн түлшний циклийн эхний шат буюу уран олборлох зорилт тавьж байна.

ОЛБОРЛОХООС ГАДНА ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч байгаа” гэсэн. Уул уурхайн ямар ч бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэж байж сая ашгаа бүрэн дүүрэн өгдөг. “Бадрах энержи” компани ч нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулна. Дорнын говийн хоёр ордоос олборлох ураны хүдрийг байгалийн ураны хүдрийн баяжмал болгоно. Ийнхүү ураны хүдрийн баяжмалыг  боловсруулснаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ажлын байр нэмэгдэж, хүн амын орлого болоод орон нутаг, улсын төсөвт оногдох татвар хураамж нэмэгдэнэ. “Бадрах энержи” компани ураны хүдрийг олборлоод зогсохгүй боловсруулан шар нутаг гаргаснаар Монголын уул уурхайн салбарт цоо шинэ нэгэн өнгө нэмэх юм. Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 78 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 гаруй хувь, улсын төсвийн орлогын 24 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байгаа. Үүнд “Бадрах энержи”-ийн боловсруулах үйлдвэр жинтэй хувь нэмэр оруулах тооцоо бий.

“ОРАНО”-ТОЙ ФРАНЦЫН НЭР ТӨР, ХАРИУЦЛАГА ХАМТ ЯВДАГ

Уул уурхай, тэр дундаа ураны зах зээл дээр дурын хүн тоглодог эд биш. Хэн ч мэдэхгүй нэгэн тогос шиг гоёод, хөхөө шиг донгодсон ч тоож харах нь ховор. Энэ зах зээл дээр олон жилийн туршлага, тэр хугацаанд бий болгосон нэр хүнд нь л үнэ цэнийг бий болгодог. Өнөөдөр энэ зах зээл дээр энэ бүх шаардлагыг хангасан цөөн тоглогч байдгийн нэг нь “Орано” групп. Ерөөс “Орано” салбартаа үлгэр дууриал юм. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, ил тод байдал, ёс зүйг нэн тэргүүнд ханган ажилладаг нь бусаддаа жишиг болдог. “Орано” групп нь олон улсад явуулж буй үйл ажиллагаатайгаа уялдуулан хэд хэдэн үндсэн үүргийг өөртөө хүлээж, биелүүлж байдаг.

“Орано” групп ил тод байдлыг уул уурхайн салбарын хариуцлагатай хөгжлийн чухал хэсэг гэж үздэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг байгуулагдсан даруйд нь буюу 2003 оноос дэмжин ажилласан компаниудын нэг нь “Орано” групп байлаа. Тус группээс улс орнуудын Засгийн газарт төлж буй аливаа орлогыг (татвар, нөөц ашигласны төлбөр, хураамж) улам ил тод болгоход үүрэг хүлээн оролцож байгаагаа ийнхүү баталгаажуулсан билээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зөвлөлөөс Монгол Улсыг 2010 онд “Санаачилгад нэгдсэн орон” ангилалд оруулсан билээ. Ингэснээр Монгол Улс энэ санаачилгын санхүүгийн ил тод байдлын стандартыг хангаж байна.

Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа иргэд, байгаль орчныг хамгаалах хариуцлагатай, ил тод менежментээс хамаардгийг бүрэн дүүрэн ойлгодог “Орано” групп 2011 оны тавдугаар сард Олон улсын уул уурхай металлын зөвлөлд элссэн юм. Тус Зөвлөлд компанийн нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг сайжруулах, салбараас нийгэмд үзүүлэх үр нөлөөг тасралтгүй нэмэгдүүлэх нэгдмэл зорилготой ажилладаг дэлхийн уул уурхай, металлын томоохон компаниуд нэгддэг аж.

ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН ОРД

Монголын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн шаталсан судалгаа, эрэл, хайгуулын ажлын үр дүнд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1100 гаруй орд, олон мянган эрдэсжсэн цэгийг тогтоож, 2017 оны байдлаар 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр, 2 500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөцийг бүртгээд байгаа юм.

Монгол улс ураны ордоо олборлож эхлээгүй байна. 2011 онд бүртгэгдсэн  6 260 тонн нөөцтэй Дулаан-Уулын орд, 2013 онд бүртгэгдсэн 54 640 тонн нөөцтэй Зөөвч-Овоо орд Монгол Улсыг ураны нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх эхний арван хоёр орны тоонд багтаасан юм. Мэдээж, Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс албан ёсоор стратегийн ач холбогдол бүхий нөөцөд бүртгэсэн.

Дэлхийд данслагдсан энэ хоёр ордыг салбарынхаа аварга “Орано”-ийн геологичид Монголын Дорнын говиос нээсэн юм. Гэхдээ үүнийг олохын тулд хайгуулчид чилийсэн арав гаруй жилийг үдсэн бөгөөд мэргэжлийн ур чадвар, нөр их хөдөлмөр нь талаар өнгөрөөгүй билээ. Энэ нээлтээс хойш Монгол Улсын ураны нөөц дэлхийн зах зээлийн сонирхлыг шууд татаж эхэлсэн. Энэ ордод өнөөгийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн “Орано” үйлдвэрлэл явуулахаар болсон тул тус салбарынхан  нь сонирхохоос ч аргагүй билээ.

ТЭМЭЭН ЖИН ХОЛЫГ ТУУЛДАГ

Монголын уул уурхай үндэсний хэмжээнээс хальж, дэлхийн дэвжээн дээр тоглох боллоо. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн салбарт дэлхийн үндэстэн дамжсан Америк, Хятад, Канад, Австрали, Франц, Орос, Германы корпорацын төлөөлөл болсон олон нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдний дотроос ураны салбарт шинэ тоглогч болсон “Бадрах Энержи”-ийн үйл ажиллагаа тав арван жилээр яригдах төсөл биш. Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ордыг нээн илрүүлэхэд арав гаруй жил зарцуулсан. Одоо үргэлжилж буй төслийн бүтээн байгуулалт, цаашид олборлолт, боловсруулалт гээд багадаа 20-30 жилээр хэмжигдэх настай. Хоёр ордын нийлбэр дүнг жилд олборлож боловсруулах мянган тонн хүдрээр хэмжихэд ийм тоо гарч байгаа юм. Монгол хүн холыг зорин аянд гарахдаа тэмээн жингээ зэхдэг шиг энэ төсөл ч алс холыг харсан хэдэн үеийн монголчууд ажиллах, амьжиргаагаа залгуулах төсөл юм.

ХОЛ ЯВЪЯ ГЭВЭЛ ХАМТ ЯВ

“Бадрах Энержи” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулна. Хэдэн арван жилээр хэмжигдэх хамтын ажиллагаагаа эхнээс нь хэн хэндээ ойлгомжтой, харилцан ашигтай байлгахыг тэд эрмэлздэг. Тиймээс 2013 онд орон нутгийн удирдлага, малчид, сумын төрийн байгууллагуудын төлөөллийг багтаасан Хамтын ажиллагааны зөвлөлийг Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт тус тус байгуулсан юм. Энэ зөвлөлүүд улирал тутам иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан компанийнхаа үйл ажиллагаагааг танилцуулж, оролцогчид сонирхсон зүйлээ асууж лавлан, хамтын ажиллагааны төрөл бүрийн чиглэлээр санал бодлоо илэрхийлж хэвшээд байна.

“Бадрах энержи” өдөр тутмын үйл ажиллагаанд худалдан авах шаардлагатай бараа, үйлчилгээ олон бий. Хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагууд. Энэ шалгуурт тэнцэж байгаа бэлтгэн нийлүүлэгчтэй хамтран ажиллахад “Бадрах Энержи” үргэлж бэлэн. Компанийн гэрээт нийлүүлэгчдийн 90 хувь нь Монголын компаниуд байдаг. Түүнчлэн ажлын байр бий болгох, нутгийн иргэдэд мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдээс бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авч, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Мөн өдгөө FXB төслийг Дорноговь аймагт хэрэгжүүлж, өрхийн амьдралын чадамжийг дээшлүүлж байна. Нийт 894 сая төгрөгийн төсөвтэй уг төсөлд 2016-2018 оны хооронд 100 өрх хамрагджээ. Харин хүн нэг бүрийн тоогоор ярьвал, 500-600 хүн энэхүү төслийн үр шимийг хүртээд байна. Төслийн үр дүнд дээр дурдсан 100 өрх эдийн засаг, нийгмийн бие даасан байдалд хүрэх, байнгын орлоготой болоход нь тусалсан. Энэхүү бодит үр дүнтэй төслөө “Орано” групп цааш дахин гурван жилээр сунгахаар шийджээ.

“Орано” групп орон нутгийн иргэдийг орлоготой байлгах өөр ажлуудыг ч хийдэг юм. Үйл ажиллагаа нь эрчимжиж байсан 2012 онд нийт ажилчдын 50-иас илүү хувь нь орон нутгийнх байсан аж. Мөн орон нутгийн иргэдийг дэмжихийн тулд 2014 оноос хойш мах, сүү худалдан авч, хээрийн ангийн хүнсний хэрэглээнд ашиглаж байгаа аж. Энэ бүхнээс гадна жил бүр хэдэн тэрбумаар хэмжигдэх татвар төлж иржээ. Сүүлийн таван жилд нийт 25 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн байна. Ямартай ч “Бадрах Энержи” нэг төгрөгийн орлого олоогүй ч олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаагаас энэ компани Монголд тогтвортой ажиллах нь анзаарагдаж байна.

Г.ДОНДОГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж