"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

Хуучирсан мэдээ: 2019.10.09-нд нийтлэгдсэн

"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

"Сайнаар яривал сайд, саараар яривал мэнгэтэй хүн гэдэг"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын өнгөрөгч Баасан гаригийн /2019.10.04/ хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Цаашид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь явуулах уу, эсвэл УИХ-ын 73 дугаар тогтоолоо засаад Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шинээр байгуулсан зөвшилцөх ажлын хэсгийн шийдвэрээс хамаарна. Таны хувьд дээрх хоёр хувилбарын аль нь зохистой вэ?

-Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан гэдгийг сонссон. Намайг ажлын хэсэгт оруулдаггүй юм. Тэгсэн мөртлөө хэцүү байдалд орохоороо над дээр  ирээд л гуйдаг шүү дээ. Одоо МАН-ын шийдвэрээс л хамаарна. Бид төслийг нь бэлдээд өглөө, хэлэлцүүлгийг нь хийгээд өглөө, хэл ам гаргахгүйгээр кнопыг нь дарсан. Хэрэв санаж байгаа бол хэлэлцүүлгийн үеэр ганцхан гишүүний ирц дутаж байхад би орж ирцийг нь бүрдүүлж байлаа. МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуулиа батлах хэрэгтэй. Хэрэв батлахгүй юм бол МАН татан буугдсан нь дээр. Яагаад гэвэл МАН ард түмнийг хуурч болохгүй. 2016 оны сонгуулиар МАН ард түмний амьдралыг сайжруулна, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна  гэж амлаа биз дээ. Гэтэл алийг нь  ч хийж чадахгүй юм бол намаа татан буулгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас 65, АН-аас ес, МАХН-аас нэг, мөн нэг бие даагч УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь МАНАН, мафийн бүлэглэлийнхэн зүсээ хувиргаад АН-ын бүлгийг задалж хоёр урвагч гаргаж ирсэн. АН-ын бүлэг задарснаар гурван нөхцөл үүссэн. Нэгд, дүгнэлт гаргах эрхгүй, хоёрт, завсарлага авах эрхгүй, гуравт, сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлэх боломжгүй ийм нөхцөл байдалтайгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэн. Миний бие төслийг дэмжиж өргөн барьсан гишүүдийн тоонд орсон. Уг нь өнөөдөр Ардчилсан намтай, намгүй мөн Ерөнхийлөгчөөс хамаарахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг шийдэх эрх нь МАН-д бий. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр би санал гаргаж, тодорхой сэдвээр асуувал ард түмэн зөвшөөрөх эсэх саналаа өгнө. Түүнээс биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү гэж асуувал 2016 онд та нар МАН-ын 65 гишүүнийг сонгосон нь үнэн үү, эсвэл худлаа юу гэж асуухтай ав адилхан. Ийм асуултад 30 тэрбум төгрөг үрээд яахав гэж хэлж байсан. Ард түмнээс заавал асуух таван асуулт гэдэгт УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох нь зөв үү, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох нь зөв үү, Сонгуулийн тогтолцоог холимог байлгах нь зөв үү, Байгалийн баялгийн сан байгуулах уу, Шүүх хараат бус байх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуух хэрэгтэй. Гэтэл ингэж тодорхой асуухгүйгээр хахир өвлийн хүйтнээр ганц асуултаар санал асуулга явуулах нь буруу гэж үзээд Ерөнхийлөгч хориг тавьсныг би дэмжсэн.

-Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асуухгүйгээр УИХ-аар шууд баталчихвал МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зөрчсөн болчих гээд, үндсэндээ “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг” болчихлоо?

-МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй шүү дээ. Миний ойлгож байгаагаар мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын хөтөлбөр болсон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард түмнээсээ асууна гэсэн өгүүлбэр л лав байхгүй. Хэрэв МАН мөрийн хөтөлбөрөөр явсан бол бид өдийд жаргачихсан амьдарч байгаа. Наад зах нь сургууль, цэцэрлэггүй хүүхэд нэг ч байхгүй. Манай ахмад бүгд зээлийн хүүгийн дарамтгүй амьдрах байсан. Уг нь бол МАН-ын мөрийн хөтөлбөр муугүй, сайн байсан. Харамсалтай нь нэгийг нь ч хэрэгжүүлсэнгүй. Ийм байтал Үндсэн хуулийн төсөлд мөрийн хөтөлбөрийн амлалтаа ярих хэрэг байхгүй. Би нэг л зүйлд санаа зовинож байна. Улсаараа тоглох гээд УИХ-ын гишүүн болчихсон хүмүүс нэлээд хэд байна. Жишээ нь, Монгол Улсыг санаатайгаар саарал жагсаалтад оруулах сонирхлоо эс үйлдлээрээ хийсэн нөхөд явж байна. Уг нь манай улс мөнгө угаадаггүй улс. Хүний наймаа, зэвсгийн наймааны сүлжээ бүхий мафи манайд байхгүй. Гэтэл ийм сүлжээ байдаг гэж орилсоор байгаад л саарал жагсаалтад орох нөхцөл бий болчихоод байна. Шийдвэр нь энэ сарын 13-нд гарах юм билээ. Гадна, дотоодын авсан мэдээллээр Монгол Улс саарал жагсаалтад орох өндөр магадлалтай байна. Хэрэв саарал жагсаалтад орвол бид баларна.

Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж хурдан дуусгая. Зөвшилцөх ажлын хэсэг нь шийдвэрээ даруй гаргаж гуравдугаар хэлэлцүүлгээ хийж Үндсэн хуулийн талаарх сэдвээ хаая. Тэгээд бусад ажлаа хиймээр байна. Санаачилсан хуулиа ч би батлуулмаар байна.

-Сүүлийн үед маргаан дагуулж буй  авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь 2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг багасгасантай холбоотой гэдгийг зарим улстөрч хэлж байгаа. Одоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг сэргээн шалгах боломжтой юу?

-Хариулт өгөхийн тулд эхнээс нь дэлгэрэнгүй яръя. 1995 онд хамгийн анх Монгол Улс Эрүүгийн хуультай болсон. Ингээд 2002 онд Эрүүгийн тухай хуулийг өөрчлөхдөө албан тушаалтнуудыг ялгүй болгоё гээд тухайн үед МАН, АН-ыхан хоорондоо тохирсон юм шиг байна лээ. Энэ тохирсныхоо дагуу нөхдүүд албан тушаал ашиглан авлига болон гэмт хэрэг үйлдвэл ялтай гэсэн заалтыг огт оруулаагүй. Ингэж оруулаагүй явсаар 2008 оны хоёрдугаар сарын 1-нд энэ заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан. Энэ хооронд 894 төрийн албан хаагч авлига, албан тушаалын гэмт хэргээс бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Дараа нь 2008 оны долдугаар сарын 01-ны үймээний үеэр 700 гаруй хүнийг хорьж, тэднээс 300 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, ялласан байдаг юм. Энэ дотор миний санаж байгаагаар насанд хүрээгүй хүүхдүүдэд 10 буюу түүнээс дээш жилийн ял оногдуулсан. Дараа нь 2009 онд Өршөөлийн тухай хуулиар дээрх хүмүүсийг цагаатгахгүйгээр авлига албан тушаалын гэмт хэрэг хийсэн бүх хүнийг өршөөнө гээд гаргачихсан. Ингээд нэг ёсондоо бүх авлигын хэргүүдийг өршөөчихсөн.

Дахиад 2015 онд дахин Өршөөлийн хуулиар мөн л авлига, албан тушаалын хэргүүдийг өршөөсөн. Хулгайч хүмүүс хулгайн мөнгөө идээд тайван сууя гэдэггүй юм байна. Дахиад л хулгай хийгээд эхэлсэн. Энэ нь явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр оруулж ирсэн. Ингэхдээ хоёр заалтаар. Нэг нь шүүхийн шат хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн нь хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан болгож харагдуулж байгаа. Гэхдээ энэ нь яагаад хортой вэ гэхээр авах гэж байгаа ялынх нь хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацаа нь адилхан гэсэн үг. Жишээ нь, нэг жилийн ялтай хүн нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, таван жилийн ялтай тохиолдолд мөн таван жилийн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн үг. Эрүүгийн тухай хуульд байсан ялын бүх зүйл, ангийн хугацааг 5-8 жил болгосон. Маш хүнд гэмт хэрэгт ч гэсэн найман жилийн ялтай болгосон гэсэн үг. Ингээд ялын хэмжээг нь хөнгөрүүлж, хөөн хэлэлцэх хугацааг ялын хэмжээтэй нь адилхан болгосноор хөөн хэлэлцэх хугацаагаар бүгд сугарч гарна гэсэн үг. Одоо үүнийг буцааж засах ямар ч боломж байхгүй. Хууль буцаан хэрэглэгдэхгүй. Бид НҮБ-ын гишүүн орны хувьд Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Нэг үүрэг нь Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй, хоёрт нь сэжигтэн, яллагдагч, ялтан өөрт нь ашигтай зүйл байвал түүнийг нь хэрэглэнэ гэсэн зарчмыг бид хүлээн зөвшөөрчихсөн.

-Тэгвэл энэ нэмэлт өөрчлөлтөөр хөөн хэлэлцэхтэй холбоотойгоор яг ямар өөрчлөлт орох юм бэ?

-Ирээдүйдээ гоё байя гэсэн л өөрчлөлт байх байлгүй. Ямар өөрчлөлтүүд орохыг би таашгүй.

-Ажлын хэсэг дээр сайтар ярина гэж үү?

-Бүү мэд. 2016 оноос хойш намайг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр оруулаагүй. Мөн Тусгай хяналтын дэд хороо, Хүний эрхийн дэд хороонд намайг гишүүнээр оруулдаггүй. Одоо Ёс зүйн дэд хорооны гишүүн болгохгүй байгаагийн цаад санаа нь “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэж асуудлын нарийн учрыг нь хэлээд байдаг болохоор О.Баасанхүүг л хол байлгаарай гэдэг зарчим өнөөдрийг хүртэл явж байгаа.

-2017 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг шинэчлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэн ньбагасгасан юм бэ. “Би, чи өөрчилсөн” гээд л чуулган, байнгын хорооны дээр нэлээд маргасан?

-1995 оны Эрүүгийн тухай хуулийг хэн анх өөрчилсөн түүнээс л эхлэлтэй. 2017 онд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг оруулах гэж байхад би Х.Нямбаатарт хатуу хэлж байсан. “Чи юу мэддэгтээ ажлын хэсгийг ахлаад байгаа юм бэ гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл Х.Тэмүүжингийн үед хуулийн ийм цоорхой оруулж ирэх гэхэд нь би Хууль зүйн байнгын хороон дээр эсэргүүцэж байсан. Хуулийн цоорхой ашиглаж гэмт хэргийг яаж мултардаг вэ, тэрнийхээ шагналыг яаж авдаг вэ гэдгийг харуулсан нэг этгээд байна шүү дээ.

-Та хэнийг хэлээд байна вэ?

-Зарим нь тэр хүнийг сайнаар яривал сайд гэдэг, саараар яривал мэнгэтэй хүн гээд болгоомжилж ярьдаг.

Тэгвэл доромжлох, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах гэж  байгаа нь хэр зөв бэ?

-Гүтгэх, доромжлох үйлдэлд ял үүрүүлэх нь зөв гэдэгт би хоёр гараа өргөөд дэмжинэ. Энэ хуулийн төслийг санаачлаач ээ гээд хэдэн өдөр хөөцөлдөж байгаа хүний нэг нь би. Өнөөдөр доромжлол, гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Төрийн ордонд Ж.Батзандан хүний нэр хүндийг яаж гутаан доромжилж байгааг бүгд л харж байна. Хуульгүй орон шиг. УИХ-ын гишүүн байна уу, иргэн Доржоо байна уу хэн нь ч бусдын алдар нэрийг гутаан доромжлох эрхгүй. Эцэг эх нь хамгийн сайн, сайхныг бодож үр хүүхдэдээ нэр өгдөг биз дээ. Гэтэл эцэг эхээс нь өгсөн нэрийг доромжилж явдаг орон гаран толгойтой нөхдийг би ойлгохгүй байна. Тийм учраас энэ заалтыг дэмжинэ.

Хүн нэг л удаа амьдарна. Ганц амьдрахдаа гүтгүүлж, доромжлуулмааргүй байна.

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАХН-аас 2020 оны сонгуульд ялбал иргэдийг үнэгүй орон сууцанд хамруулахад бүртгэсэн нь сонгогчдын боловсрол доогуур хэвээр байгааг баталлаа. МАХН-ын гишүүний хувьд намынхаа дээрх хөтөлбөрийг дэмжиж байгаа юу? 

-Намайг орон сууцны зээлийн хүүг гурав хүртэлх хувиар бууруулах боломжтой гээд ярьсныг Банкны холбооны Ерөнхийлөгч нь боломжтой гэж хэлсэн байсан. Гэтэл манай хүн агуу их дэмийрэлтэй мэт үнэгүй орон сууцанд оруулна гэсэн байна лээ. “Монголчуудыг үнэгүй юманд нугасгүй” гэж итгэн гэж найдаж л дээ. Одоо Н.Энхбаярын дарга болно оо гэж би хэдэнтээ л хэлж байна.

Н.Энхбаяр дарга муу Ерөнхийлөгч байгаагүй. Түүхээ өөрөө бичсэн хүн, одоо больчих хэрэгтэй. Хүүхэд, нохойн доог болж явахынхаа оронд залуучууддаа боломж олгоод араас нь зааж, зөвлөөд сууж байхсан.

Өмнө надад хэлж байсан олон улсын цайны газар байгуулах тэр мөрөөдлөө биелүүл л дээ. О.Баасанхүү гишүүн танай намын гишүүн хэвээр юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад Н.Энхбаяр дарга “Энэ хүний аашийг мэдэхгүй байна” гээд ихэд тайлбарласан байна лээ. Би нүүр рүү нь хараад хэлж ч чадна. Н.Энхбаяр Эрдэнэтийн тойргийг надад өгсөн мэтээр ярьдаг. Бодит үнэн бол тухайн үед дүүргийн намын хорооны хурлаар Чингэлтэйгээс эсвэл Эрдэнэтийн тойргоос намайг нэгээр гарна гэхэд нь би Чингэлтэй дүүрэгт нэр дэвшье гээд хэлж байсан юм. Гэтэл миний тойргийг Э.Эрдэнэжамъянтай нийлж өрөөндөө сууж байгаад Ө.Энхтүвшин сайдад өгсөн. Ингэхэд нь би Эрдэнэтийн тойрогт л нэр дэвшье гэсэн. Сонгуулийн үеэр нэг удаа миний тойрогт ирэхдээ Н.Энхбаяр дарга гай болсон. Яасан гэхээр надаар үг хэлүүлэхгүй, миний рейтингийг бараг байхгүй болгосон. Гэхдээ намайг ажилчин айлын хүүхэд, арай ч хулгайч биш юм гээд эрдэнэтчүүд сонгосон. Эрдэнэтчүүд хулгайчдад дургүй л дээ.

-Хагарал 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэс эхлэлтэй юм байна, тийм  үү?

-Намайг сонгуульд ялсны дараа АТГ, цагдаад өгөхөөр яаж би тайван суухав дээ. Арван удаа намайг намаас  хөөсөн. Би  намаасаа өөр удирдлага гаргая гээд намын хурлаа хийтэл Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү эсвэл ойлголцсон уу, бүү мэд, Улсын Дээд шүүхээс хуулийн дагуу шийдвэр гараагүй. Одоо сонгууль ойртохоор Н.Энхбаяр дарга сонин юм яриад эхэллээ. Ухаантай байхсан. “Н.Энхбаяр даргыг арай ийм хүн байгаагүй юмсан, өлсгөлөнгөөс хойш л ийм болчихлоо” гэж олон хүн хэлдэг нь үнэн. Би ч гэсэн дотроо тэгж боддог.

Яагаад Н.Энхбаяр дарга Хэнтийн нөхөн сонгуулийн талаар дуу гаргахаа больчихов, тохиолцсон л юм байлгүй. Айлын эрх хүүхэд шиг өвөө хайран намыг минь сүйрүүлж байна. Хайран өөрийнхөө түүхийг сүйрүүлж байна. Дээрээс нь улсыг хөгжүүлэх асуудлыг нэг хүн шийддэггүй юм. 2020 оны сонгуульд бид ялах хэрэгтэй. Ялахын тулд над дээр ирж уучлалт гуйгаад намын тамгыг минь авчирч өг. Өгөхгүй юм бол би намын Их хурлаа хийнэ. Тэгээд үзэл бодол нийлэхгүй бол бүх хүнээ аваад өөр нам руу орсон ч яахав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
9
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж