Нийслэлийн онцгой комисс “Тавантолгой түлш” компани дээр яг одоо хуралдаж байна. Хурал 82 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
Одоогоор 118 иргэн хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандаад байна. Мөн найман иргэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэг иргэний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Сайжруулсан түлшийг шинжилсэн дотоодын лабораторийн шинжилгээнд эргэлзэж байгаа хүмүүсийн эргэлзээг тайлах үүднээс дээжийг нь БНХАУ, БНСУ руу явуулжээ. Одоо ОХУ, Японд дээжийг хүргүүлэхээр ажиллаж байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зарим эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг Засгийн газар болон холбогдох яамдтай ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, цаашдаа дахиж эрсдэл үүсгэхгүй байх үүднээс агаарын чанарыг сайжруулах хоёр, гуравдугаар бүсэд амьдарч буй айл өрхүүдэд угаараас урьдчилан сэргийлэх дохиолол өгдөг мэдрэгч бүхий төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна.
Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт, түлшний үйлдвэрлэлийн процесст ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх үүднээс “Тавантолгой түлш” компанийг онцгой объект болгож хамгаалалтад авах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэсэн юм.
Холбоотой мэдээ