НИТХ: Хуучны орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөнө

Хуучирсан мэдээ: 2019.10.08-нд нийтлэгдсэн

НИТХ: Хуучны орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөнө

НИТХ: Хуучны орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаан өнөөдөр /2019.10.08/ боллоо. Хурлаар 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын дүнг хэлэлцэж, 2020 оны үндсэн чиглэлийг тодорхойллоо.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2019 онд хэрэгжүүлэхээр тусгасан таван бүлэг 26 зорилтын хүрээнд 453 арга хэмжээний ажлын гүйцэтгэл 80.4 хувьтай буюу хангалттай гэсэн дүгнэлтэд хүрэв. Нийслэлээс ирэх онд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр "2020 оны үндсэн чиглэлийг таван чиглэл, 26 зорилтын хүрээнд 477 арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон" гэж мэдээлэв. Улаанбаатар хотын тэргүүлэх зорилтод хот төлөвлөлт, нийгмийн хөгжил, авто зам, нийтийн тээвэр, төрийн захиргаа гэсэн 18 бүлэг ажил төлөвлөсөн байна.

2021 ОНД ХОТЫН АЛСЛАГДСАН БҮСЭД 20 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Хөгжингүй хот болох зорилтын хүрээнд эдийн засгийн үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх аж. Тодруулбал, хотын алслагдсан бүсэд Налайх, Эмээлт, Багануур, Багахангайд үйлдвэр технологийн парк байгуулснаар 2021 онд 170 гаруй үйлдвэр ашиглалтад оруулж, 20 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Инноваци технологийн хүрээнд жилд 7-10 гарааны бизнес шалгаруулж, 2020 он хүртэл гарааны бизнес дотоодод болон гадаадад өрсөлдөх чадвар бий болгохоор төлөвлөжээ. Мөн ирэх онд 35 мянган иргэнийг ажлын байранд зуучлахаар төлөвлөсөн байна.

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХУУЧНЫ ОРОН СУУЦУУДЫГ БУУЛГАЖ, ДАХИН ТӨЛӨВЛӨНӨ

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 2012 оноос эхлэн нэг төвт хотоос олон төвт хот болох зорилтын хүрээнд 2014-2015 онд 104.5 сая ам.доллар, 2015-2017 онд 121.1 сая ам.доллар зарцуулжээ. Ирэх 2020-2024 онд 94.3 сая ам.доллар зарцуулахаар тооцсон байна. Энэ хүрээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг барилгажуулахаар төлөвлөжээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 2-3 давхар орон сууцуудыг дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулах, газар хөдлөлтөд тэсвэргүй 232 барилгаас 131-ийг нь буулгаж дахин төлөвлөхөөр болжээ. Дахин төлөвлөлтөөр шинээр 60 барилга барих аж. Мөн барилгын гаднах пасадны шинэчлэлд 362 барилга, 150 цахилгаан шат, 152 барилгын дээврийг засварлахаар болжээ.

2020 ОНД 48 СУРГУУЛЬ, 37 ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Нийгмийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд боловсролын салбарт 2020 онд улсын төсвөөр нийт 48 сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх эхлүүлэх аж. Мөн 7220 ор бүхий 37 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Сургуулийн орчин дахь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд 13 сургуульд 800 сая төгрөгөөр тохижилтын ажлыг хийх юм байна. Их засварт  90 төсөл арга хэмжээний 443.5 сая төгрөг төсөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчныг сайжруулах зорилгоор дөрвөн сургуулийг 200 сая төгрөгөөр засварлахаар болжээ. Мөн нийслэлийн долоон дүүргийн эмнэлгийг сэргээн засварлах, тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түргэн тусламжийн  автомашиныг 50-аар нэмэгдүүлэх юм байна.

УЛААНБААТАР ХОТ ШИНЭЭР ТАВАН ГҮҮРЭН ГАРЦТАЙ БОЛНО

Улаанбаатар хотын автозам, гүүрэн гарцыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2020 онд нийт таван гүүр болон гүүрэн гарц ашиглалтад оруулах юм байна. Тодруулбал, Нарны замын гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн гүүрэн гарц, Тахилт орчимд гүүрэн болон гүүрэн гарц барих аж. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлд шинээр 300 автобус төлөвлөжээ.

250 ГА ТАЛБАЙД ОЙЖУУЛАЛТ ХИЙЖ, ШИНЭЭР ГУРВАН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Ногоон орчныг нэмэгдүүлэх, Туул, Сэлбэ голын усны урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд голын эхийн ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг 250 талбайд хийх юм байна. Бороо, цасны усыг хуримтлуулах, гурван булаг шандын эхийг хамгаалах аж. Мөн гурван байршилд шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, автозамын ажлыг хийж гүйцэтгэх, хүүхдийн автобусыг нэмэгдүүлэхийг онцлов. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан замбараагүй газар олголтыг цэгцэлж, ашиглалтын шаардлага хангахгүй барилга, нийслэлийн үнэгүй хөрөнгүүдийг үнэд оруулах, эргэлтэд оруулах замаар нийслэлийн хөрөнгийг нэмэгдүүлнэ гэдгийг тодотгосон юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж