Улаанбаатар хотын иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас албан ёсоор эхэллээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн 22 байршилд 8727 га газарт 28 мянга 963 иргэнд газар өмчлүүлэх юм. Үүнээс Хан-Уул дүүрэгт хоёр байршил, Баянзүрх дүүрэгт дөрвөн байршилд газар өмчлүүлэх бол үлдсэн байршлууд Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай юм байна. Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 14 хоногийн хугацаатай буюу ирэх есдүгээр сарын наймны өдрийн 12.00 цаг хүртэл үргэлжилнэ. 2015 ондоо багтаж Улаанбаатар хотын 52 байршилд цахим хэлбэрээр газар олгох шийдвэрийг одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гаргасан байдаг. Энэ ч утгаараа үлдсэн есөн байршилд дахин газар өмчлөх эрх нийслэлийн иргэдэд хадгалагдаж байна. Ингэснээр 2013-2015 оны хооронд 65 мянган иргэнд шинээр газар өмчлүүлнэ гэсэн тооцооллыг Улаанбаатар хотоос гаргажээ.
Сүүлийн 10-н сарын хугацаанд Улаанбаатар хотын нийт хүн амын 50 хувь нь буюу 643 мянга орчим иргэн шинээр газар өмчлөхөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим сайтад ханджээ. Ингээд дээрх иргэдийн 36 мянга 428 нь шинээр өөрийн өмчлөлийн газартай болсон байна. Гэхдээ хүсэлт гаргаж, автоматаар сонгогдон газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн цөөн нь газар өмчлөх байршлаа буруу тодорхойлсон, тухайн газраа өмчлөхөөс тодорхойгүйгээр татгалзсан зэрэг шалтгаанаар сонгогдоогүй иргэдэдээ боломж олгодог гэлээ.
Одоогоор өмнөх 19 байршлийн газрыг инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбох зураг төслийн ажлыг хийж байна. Харин ирэх оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгээ нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдлээ.
Цахим бүртгэл дуусаад 10 хоногийн дотор газар өмчлөх эрхтэй болсон иргэд санал, хүсэлтээ нийслэлийн өмчийн харилцааны газарт өгөх боломжтой. Мөн цаашлаад тухайн сонгогдсон газраа өмчлөх эрхээ баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, үл хөлдөх хөрөнгийн гэрчилгээгээ авна. Ингэж албан ёсны газрын эзэмших гэрчилгээтэй болсон иргэдийн хувьд тухайн газраа хэрхэн яаж ашиглах, захиран зарцуулах, хашаагаа хэзээ хатгаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг нь өөрсдийнх нь сонголт байх юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД
ЗАРЛАГДАЖ БУЙ БАЙРШЛУУД: